8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол бүжгийн хатан эх Дунжаагийн Нанжид таалал төгсчээ

2019-02-28 12:59:37

Монгол бүжгийн уламжлалт дэг сургалтыг бий болгох, бүжиг судлалыг хөгжүүлэх, бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн зөвлөх Профессор Дунжаагийн Нанжид  2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, монголын бүжгийн урлаг, соёл, урлагийн салбарт хүнд гарз  тохиолоо. Д.Нанжид нь 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрж, 1948 онд Уран сайхны сургуулийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1945-1972 онд Улсын эстрад концертын товчоо, Улсын ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, 1975-1984 онд Улсын багшийн сургуульд бүжгийн багш, 1984-1990 онд Өмнөговь аймгийн ХДТ, 1991-1992 онд “Дүнжингарав” чуулгад бүжиг дэглээч, 1992-1997 онд МУИС-ийн Ардын урлагийн тэнхимд багш, 1993 оноос Эртний сайхан чуулга, 1993-2013 онд СУИС-ийн Театрын урлагийн факультетийн бүжгийн тэнхимийн багш, 2013-2019 онд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн бүжгийн багш, зөвлөх профессороор ажиллаж байлаа.Монголын урлагийн “Алтан үе”-ийн төлөөлөл, нэрт бүжиг дэглээч, бүжгийн багш, сурган хүмүүжүүлэгч, бүжиг судлаач, Монгол Улсын Ардын жүжигчин, Гавьяат Жүжигчин, монголын уламжлалт бүжиг бий биелэгийн “Хатан эх”, СУИС-ийн хүндэт профессор Дунжаагийн Нанжид эрхэм дээд хүмүүн таны эелдэг даруу нөхөрсөг тусч зан, яндашгүй  авьяас билиг, хөдөлмөрч чанар, гайхамшигт бүтээлүүд тань монгол түмний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл