8o
Улаанбаатар хот
mobile menu

Ослын газарт Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллуулж байна

2019-03-01 09:16:00

“Эко алтан заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч  зургаан  хүн нурангинд дарагдсан ноцтой осол гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Зургаан хүн нурангинд дарагдсанаас аврах ажлыг шуурхай зохион байгуулж  хоёр хүнийг гаргаж авч  тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай анхан шатны тусламж үзүүлсэн байна. Одоогийн байдлаар үлдсэн дөрвөн хүнийг гарган авахаар аврах шуурхай ангийнхан ослын газар ажиллаж байна. Өчигдөр 19 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллуулж байгаа аж. Аврах ажлын хэсгийнхэн 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд 80 метрийн өндөр уурхайн хана нурсан аж. Ослын газар нэлээд устай байгаа учраас аврах хэсгийнхэн эхлээд усыг соруулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. 

Хоёрдугаар сарын 27-нд Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тус осол газар хөдлөлтэй холбоотой эсэхийг одоогийн байдлаар тогтоогоогүй байна.  Мөн тус уурхайн зэргэлдээх ажиллаж эхлээгүй хоёр ч уурхайд ийм нуранги үүсээд байгаа юм байна.

"Эко Алтан заамар” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг юм байна. Өнгөрсөн жил Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж нутгийн иргэд мэдээлэл хийж байсан юм. Нутгийн иргэд мэдээлэл хийхдээ "2018 оны долдугаар сарын 22-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан Заамар” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гарган Ашигт малтмалын газарт өгсөн байна. Гэвч Ашигт малтмалын газраас үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргаагүй байгааг эсэргүүцэж байсан" юм. Тухайн үед Төв аймгийн Засаг дарга “Эко алтан Заамар” компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоон лацадсан боловч маргаашнаас нь лацыг хөдөлгөн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment