8o
Улаанбаатар хот
mobile menu

Р.Дагва: Хувийн хэвшлийн оролцоогүйгээр УЛААНБААТАРЫГ ХӨГЖҮҮЛЧИХНЭ гэж бодож суугаа дарга нар байвал ЯГ ОДОО ГЭРТЭЭ ХАРЬ

2019-03-05 10:19:12

Өнгөрсөн пүрэв гаригт ажлаа хүлээн авсан НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа.


-Таны нутаг ус, аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн хүн бэ?

-Би өөрөө Улаанбаатар хотод төрж, өссөн. Харин аав минь Архангай аймгийн Их тамир сумын уугуул. Их олон жил тээврийн жолооч хийсэн. Ээж минь нярав хүн бий. Ер нь ажилчин гаралтай гэж хэлэхэд болно доо. Хүүхэд насаа би Долоон буудалд эмээтэйгээ хамт өнгөрөөсөн. Миний эмээ надад амьдралын философи, амьдралд хүн яаж хөл тавих ёстой, ямар хүн байх ёстой талаар сургаал хайрладаг байлаа. Эмээ минь хүний сурсан, мэдсэн зүйл хэзээ нэгэн цагт заавал хэрэг болдог гэх зарчмыг байнга сануулдаг байсан. Би эрх зүйч мэргэжилтэй. МУИС, Их засаг олон улсын их сургууль, Удирдлагын академийг дүүргэсэн. Эхнэр, гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд тусдаа гарчихсан. Дор бүрнээ ажил төрлөө хийгээд л явж байна.

-Та яагаад улс төрд орох болов?

-Би бусад хүмүүс шиг улс төрд орохыг тэгж их тэмүүлээгүй. 2005 оны үед би МҮОНРТийн хүний нөөцөөс хотын захиргаанд татагдаж ирсэн юм. Хотын захиргаанд гурван жил болсны дараа тухайн үеийн Хотын дарга орон нутгийн сонгуульд нэр дэвш гэдэг чиглэл өгсөн. Тухайн үед их гайхаж, учрыг нь ч олоогүй. Дотроо бол сонгуульд нэр дэвших дургүй маягтай байсан хэрэг. Ингээд дүүргийн ИТХд нэр дэвшиж, ялсан юм. 2012 оноос хойш хоёр дахь удаагаа НИТХ-д сонгогдон ажиллаж байна.

-Та НИТХ-ын даргад нэр дэвших эсэхээ хэзээ шийдсэн юм бэ. Гэнэтийн шийдвэр байсан уу?

-Оны өмнө намын удирдах зөвлөлийн хурлаар С.Амарсайхан дарга Нийслэлийн Засаг даргад нэр нь яригдаж, улс төрийн шийдвэр гарсан. Тэр үед давхар хурлын даргын асуудал нам дээр яригдаж миний нэрийг дэвшүүлсэн. Намын удирдах зөвлөл, бүлгийн шийдвэр гарчихсан байсан. Зөвхөн С.Амарсайхан даргын асуудлыг л хүлээж байлаа. Хотын даргын асуудал нэлээн сунжирлаа шүү дээ.

-Та шинэ ажлаа аваад удаагүй байна. Хамгийн эхний шийдвэрлэх ажил юу байх вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгааг мэдэж байгаа байх. Энэ ажлыг эрчимжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэхээс ажлаа эхлүүлнэ дээ. Улаанбаатар хотод эрх зүйн нэн таатай орчин хэрэгтэй байгаа. Манай хотын дүүргүүд сумын статустай адил байдаг. Гэтэл бодит нөхцөлд дүүргүүд аймгуудаас ч их хүн амтай болчихсон байна. Тиймээс төрийн болоод нийгмийн үйлчилгээнүүдийг хорооны иргэдэд хүргэхэд нэн бэрхшээлтэй болчихсон. Энэ нь маш олон тулгамдсан асуудлуудыг бий болгож байгаа. Хүн амын механик өсөлттэй холбоотойгоор манай хотод мэдээж оюуны, ажиллах хүчний төвлөрөл бүрдсэн. Гэхдээ үүнийг бид давуу тал болгож чадахгүй байгаа. Харин ч эсрэгээр бидний сул тал болчихоод байна. Учир нь нийгмийн харилцаанд их олон хүндрэлүүдийг араасаа дагуулж байна. Энэ сул талаа хэрхэн давуу тал болгох вэ гэдэг дээр илүү анхаарах ёстой. Хотын хөгжилтэй холбоотой төсөл хөтөлбөрүүд, ерөнхий концесс цаашдаа Улаанбаатар хот яаж хөгжих ёстой гэдгийг эхлээд ухаж ойлгох хэрэгтэй.

Нүдэнд харагдаж байгаа тэдгээр асуудалтай нь тэмцэх биш үндэс, сууриар нь асуудлыг нь шийдэх тал руу бодлого гаргаж ажиллана. НИТХ дахь хоёр намын бүлэгтэйгээ зөвшилцөж, тэднийхээ санаа оноог сонсож, бусад харьяа газар агентлагийн салбарын түвшин дэх бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гээд их олон зүйл байна. Гэхдээ гашуун үнэнүүд бий. Тухайлбал, улс, нийслэлийн төсвөөр Улаанбаатар хотын хөгжлийг хэзээ ч шинэ шатанд гаргахгүй. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улаанбаатар хотод тулгамдсан маш олон асуудал байна шүү дээ. Агаар хөрсний бохирдол, ажилгүйдэл, замын түгжрэл гэж явсаар золбин нохой дээр очдог байхгүй юу. Энэ бүх асуудлыг дээрх санхүүгийн эх үүсвэрээр шийдэх гэж 27 жил зүтгэлээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. Тиймээс бид Улаанбаатар хотын амьдрах арга ухааныг өөрчлөх хэрэгтэй. Глобалчлагдаж байгаа дэлхий ертөнцийн чиг хандлага руу Улаанбаатар хотын хөгжлийг дөхүүлж, орчин үеийн смарт хотын хөгжлийн төлөө бүгд ур ухаанаа уралдуулах ёстой. Ер нь хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төсөөлнө гэж хэзээ ч байдаггүй юм байна. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр Улаанбаатар хотыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга нар байвал яг одоо гэртээ харь л гэж хэлье. Бид арваад жилийн өмнө ганцхан гамшгийн хэмжээнд тулсан тулгамдсан асуудалтай байсан. Тэр нь агаарын бохирдол. Одоо өнөөх хөрсний бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл гамшгийн хэмжээнд ирсэн. Асуудал улам зузаараад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүх бэрхшээлийг хувийн хэвшлийн оролцоогүйгээр шийдэж чадахгүй юм байна гэдгийг ойлгоод, хувийн хэвшлийнхэн юу хүсээд байгаа юм, тэдэнд ямар эрх зүйн, шийдэл, шийдвэр, юу хэрэгтэй байгааг тэмтэрч үзэх хэрэгтэй байна.

-Улаанбаатарыг хөгжүүлэх нэг том гарц гаргалгаа нь хувийн хэвшлийн оролцоо гэж ойлгож болох уу?

-Хувийн хэвшил нэг том тал нь. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ажилгүйдлийг багасгах нь хамгийн чухал. Залуучуудыг ажилтай, өрхийг орлоготой болгох хэрэгтэй.

-Тэгвэл иргэдийг яаж ажил, орлоготой болгох вэ?

-Засгийн газар ажлын байрыг бий болгодоггүй. Ажлын байрыг хувийн хэвшлийнхэн бий болгодог байхгүй юу. Хувийн хэвшлийн ажил олгогчид үйлдвэрлэлээ, бизнесээ тэлэх хэрэгтэй. Тэр бүх боломж, хууль эрх зүйн орчныг хотын зүгээс гаргаж өгөх хэрэгтэй. Тэр олон мянган хүний ажлын байрыг бий болгох гэхээр юу саад болоод байна, тэрийг л бид олох хэрэгтэй юм. Тэдний бодол санааг сонсох хэрэгтэй гэсэн үг. Иймд би аль болох хувийн хэвшлийн оролцоог хангасан хотын хөгжлийн төлөө бодол санаагаа уралдуулж ажиллана.

-Гадны улсуудад хотын санхүүгийн эх үүсвэрийг бий болгосон гуравдагч туршлагууд юу байна. Та судалж үзэв үү?

-Хувийн хэвшлийн оролцоо хаана хангагддаг, тэр олон арван мянган ажлын байрууд хаана бий болдог, яавал гадаадын хөрөнгө оруулагчид тухайн бүс нутаг, улс оронд, хотод хөрөнгөө авчирдаг юм бэ гэхээр ерөөсөө татварын нэн таатай орчинд юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чөлөөт бүс, өөр тусгай бүсүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгөө авчирдаг.

-Та чөлөөт бүс гэж их ярьдаг.

-Эдийн засгийн чөлөөт бүс гэдэг ойлголт бол цоо шинэ зүйл биш. Хэдэн зуун жилийн түүхтэй. Дэлхийд 3500 гаруй чөлөөт бүс ажиллаж байна. Монгол Улс хил дамнасан гурван чөлөөт бүсийг 2002 онд анх байгуулсан. Тэрнээс хойш 17 жил боллоо. Энэ чөлөөт бүс Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлээгүй. Үйл ажиллагаа нь жигдрээгүй, тогтмолжоогүй.

-Яагаад?

-Хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсээс дэлхий нийт татгалзчихсан байна. Дэлхий нийтийн жишгээр чөлөөт бүсийг хөгжлөөр сулавтар байгаа бүс нутаг, хотуудынхаа дэргэд байгуулдаг. Манай Улсын чөлөөт бүсийн тухай хуулинд чөлөөт бүс байгуулах угтмал нөхцөлүүдийг заа-гаад өгчихсөн байдаг юм. Улаанбаатар хотод хуулинд заагдсан угтвар нөхцөлүүд бүгд бүрдсэн. Ажиллах хүч нь бэлэн байна. Залуучууд нь ажлын байр эрэлхийлж байна. Тэгэхээр хотын хөгжлийн нэг том концесс нь Улаанбаатар хотын дэргэд шинэ дагуул хот буюу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах замаар залуучуудыг ажлын байртай болгох. Тэр татваргүй орчинд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгөө авчрах хамгийн сайхан таатай нөхцөл бий болно. Тэнд бизнес хйиж байгаа, үйлдвэрлэлээ тэлж байгаа хувийн хэвшлийнхэн маань олон мянган ажлын байруудыг бий болгоно. Буянт-Ухаагаас Хөшигтийн хөндийн нисэх буудлын хооронд Улаанбаатарын, сууршлын бүсийг бий болгох ёстой. Тэнд эдийн засгийн тусгай бүс буюу No Taxе-тай FreeZone эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах замаар хотын түгжрэлийг саринуулах, энэ хотод төвлөрсөн их төвлөрлийг гадагш нь чиглүүлэх, хөрсний бохирдол, агаарын бохирдлоо давхар шийдэх, залуучууддаа ажлын байртай болгох гэх мэт асуудлыг шийдвэрлэх боломжтой. Миний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах юм бол 5-8 жилийн дараа 80-100 мянган хүн тогтмол орлоготой болно. Тиймээс гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө оруулагчдыг бид урих хэрэгтэй. Монгол Улсад орж ирдэг нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь нь зөвхөн уул уурхайн салбарт ордог. Үлдсэн 20 хувь нь бусад салбаруудад руу явдаг. Хамгийн гунигтай нь Улаанбаатар хотод орж ирдэг хөрөнгө оруулалтын хэмжээ маш өчүүхэн. Яагаад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотыг сонирхохгүй байна вэ. Одоо яах вэ гэдэг цагийн байдлаа ярьцгаая. Энэ цагийн байдалтайгаа таарсан шийдвэрүүдийг хурдтай гаргах хэрэгтэй. Хөгжлийн том шийдлүүд нь юу байх юм. Хотын энэ олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн үндэс, ул суурь болсон асуудлууд руу нь бид юу хийж эхлэх юм. Одоо сонгуулийн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа дуусахад 1.3 жилийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд хэнбугай ч айхтар юм хийгээд сүйд болохгүй. Тиймээс хотын 20 жилийн урт хугацааны хөгжлийн том төсөл, хөтөлбөр, концесс, суурь асуудлуудыг шийдвэрлэх суурийг бэлдэж өгөх жил байгаасай гэсэн хүсэл байна.

-Та ямар бодлого баримтлах вэ. Өмнөх НИТХ-ын дарга хариуцлага, төсвийн таналт гэж ярьдаг байсан. Үүнийг үргэлжлүүлэх үү?

-Өмнөх НИТХ-ын дарга хариуцлагыг нэхэж байсан. Хуралдааны дэг ч боломжийн байлаа. Гэхдээ НИТХ-ын хуралдааны үйл ажиллагааг илүү чанартай, хариуцлагатай, ёс зүйтэй, тогтоол, шийдвэрүүдээ цаг хугацаанд нь шийдвэрлэж чаддаг, чадамжтай хуралдаан байлгахын төлөө хичээж ажиллана. Хоёрдугаарт, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын эдийн засгийн үр өгөөжийг нэхэж эхэлнэ. Засаг дарга түүний харьяа газар албатуудаас буюу татвар төлөгч таны мөнгөөр цуглуулсан хөрөнгөөр бүтээн байгуулж байгаа нийгмийн бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалтын ажлуудын эдийн засгийн үр өгөөж нь хаана байна вэ гэдгийг нэхэж эхэлнэ гэсэн үг. Улаанбаатар хот гэдэг болих том бүтэц. Тэр хэрээрээ урсгал зардал ихтэй. Тэгвэл Улаанбаатар хотын бүтэн жил хэрэглэж байгаа урсгал зардлын эдийн засгийн үр өгөөжийг бас нэхэж эхэлнэ. Цаашдаа энэ талаар ярина.

-Ойрын хугацаанд Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг та юу гэж харж байна?

-Аялал жуулчлалын салбар гэж харж байгаа. Эхлээд бид аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлүүдэд юу саад болоод байгааг судална. Тухайлбал, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал энэ онд ашиглалтад орж байгаа. Жилдээ гурван сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Тэдгээр зорчигчдын хоёр сая нь гадны зорчигч буюу жуулчин байх боломжтой юм. Энэ нисэх онгоцны буудлын хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг Монгол Улсын Засгийн газар тооцож байгаа байлгүй. Харин нийслэлийн удирдлагууд энэ бүтээн байгуулалт Улаанбаатар хотод ямар давуу талтайг бодох ёстой. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд гурван сая зорчигч тээвэрлэх тээврийн дэд бүтцийн боломж онгойлоо шүү дээ. Энэ боломжийг Улаанбаатар хот яаж ашиглах юм. Аялал жуулчлалын салбарт л гэхэд тэргүүлэх чиглэл байж болно. Жуулчид манай улсад төмөр зам, авто замаар ирдэггүй юм билээ. Ирдэг ганцхан тээврийн хэрэгсэл нь агаарын тээвэр. Тэгэхээр бид яаж тосож авах вэ гэдэг дээр тархиа уралдуулах ёстой. Нэг жуулчнаас хэдэн ам.долларыг Улаанбаатар хотын эдийн засгийн хөрс гээч зүйл рүү шингээж чадах вэ.

-Улаанбаатар хотыг та улсын төсөвт эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж харж байна уу?

-Улаанбаатар хотод хоёр орчим их наяд төгрөгийн үндсэн хөрөнгө бүртгэлтэй байна. Үл хөдлөх хөрөнгө гэсэн үг. Ямар ч эдийн засгийн эргэлтэд ордоггүй. Жилээс жилд элэгдэл хорогдол тооцогдоод байж байдаг. Тэр үндсэн хөрөнгийг дандаа татвар төлөгчдийн хөрөнгөөр босгож байгаа шүү. Үүний тодорхой хувь нь жил бүр моралийн элэгдэлд орсон гэдэг шалтгаанаар актлагдаж байдаг. Тиймээс дахиад л жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр шинэ үл хөдлөх хөрөнгүүдийг бий болгож, жил бүр тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгө эдийн засгийн ямар ч үр өгөөжгүй хаягддаг гэсэн үг. Үүнийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг бас нэг том ажил. УИХ-д өргөн барьчихсан байгаа нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг бид нар яаралтай батлуулж чадах юм бол эдгээр үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж болно. Тэр хоёр орчим их наяд төгрөгийн 1.3 их наяд нь эдийн засгийн эргэлтэд орох боломжтой. Тэрийгээ барьцаалаад бонд гаргаад, хөнгөлөлттэй, хугацаатай зээл гаргаад нийслэлийнхээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, улмаар хамгийн нээлттэй, шударга зарчимаар нийслэлчүүдтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Ер нь Монгол Улсын хэмжээнд эдийн засгаа макро түвшинд харах юм бол уул уурхайн салбар голлох үүрэгтэй. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн баялаг, түүнээс гарч байгаа бүтээгдэхүүний үнэ ханш савлахад манай эдийн засаг савладаг. Дагаад Улаанбаатар хотын эдийн засаг хөдөлгөөнд ордог. Ийм үелзэлтэй байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг солонгоруулмаар байна гэж ярьдаг. Өөр салбаруудыг тодорхой түвшинд уул уурхайн салбар шиг хөгжүүлмээр байна. Магадгүй дараагийн салбар нь хөдөө аж ахуйн салбар байх. Газар тариалан мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээх замаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын болон гадаадын зах зээл рүү хөдөө аж ахуйгаас гарах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гурав дахь том салбар нь Улаанбаатар хотын эдийн засаг гэж хардаг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдхүүний 65 хувийг энд үйлдвэрлэдэг. Тэгэхээр Улаанбаатар хотын эдийн засгийн хөрсийг сайжруулж чадвал Монгол Улсын эдийн засагт макро түвшинд нь эерэг нөлөө үзүүлэх учиртай.

-Та аюлгүй Улаанбаатар хотын төлөө юу хийх вэ. Нийслэл хотыг эзэнгүйдчихээд байна гэж ярьдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж хомс байна?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд жил жилийн төлөвлөгөөтэй, дараалалтай явдаг. Би цагдаагийн байгууллагыг муу ажиллаж байна гэж хэлмээргүй байна. Тэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн боломжийг тултал нь ашиглаж байгаа. Энэ нь хангалтгүй байна. Техник тоног төхөөрөмж дутуу байна. Хүний нөөцийн асуудал ч байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь хотын хөгжлийн асуудалтай холбоотой. Бид иргэдийг аюулгүй орчинд зорчих боломжийг тэр болгон бүрдүүлж өгч чадахгүй байна. Ер нь ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотыг бүхэлд нь камержуулна. Цаашдаа энэ чиглэлийн ажил хийгдээд явах байх. Гэхдээ төсөв хөрөнгө гэдэг зүйл хэмжээ хязгаартай. Хүсэл байвч төсвийн хүрээнд хийнэ гэдэг учир дутагдалтай.

-2016 онд та бүхэн мөрийн хөтөлбөртөө аз жаргалтай Улаанбаатарыг байгуулна гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Хүмүүс хэзээ аз жаргалтай болдог юм. Энэ асуултыг би өмнө нь байсан хотын удирдлагуудаас асуудаг байсан. Тэд гэр хороололд нийтийн байр барина. Засмал зам тавина. Замынхаа хажуугаар гэрэлтүүлэг, камер суурилуулна. Ингэхээр тэр хүний амьдрах орчин нөхцөл сайжирч, аз жаргалтай болно гэдэг. Харин орон сууцны иргэдийн нийтийн эзэмшлийн талбай дээр нь мод тариад, зүлэгжүүлээд хүүхдийн тоглоомын талбай бариад өгөхөөр орон сууцны хорооллын иргэд аз жаргалтай болно гэж байгаа юм. Харин би тэдэнд бүгд худлаа байна аа залуусаа гэхээр зөрүүлээд хүн хэзээ аз жаргалтай болдог юм гэж асуудаг. Миний хувьд хүн амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадах хэмжээнийн тогтмол орлоготой болсон үедээ тайван, аз жаргалтай болдог гэж боддог. Тиймээс аз жаргалтай Улаанбаатарын төлөө нийслэлийн иргэдийг бүгдийг нь ажилтай болгох ёстой.

-Төлөөлөгчид ажилдаа хариуцлагагүй хандаж, назгайрах боллоо гээд буй. Үүнтэй холбоотойгоор та НИТХ-ын хуралдааны дэгийг өөрчлөх үү?

-Дэгийг бүрдүүлж ажил-лахын төлөө л явна. Би нэлээн шаардлагатай ажиллана. Цаашдаа ажлын хороодын хурал, бүлгүүдийн хурал, чуулганы хуралдааныг цагт нь эхлүүлдэг болгоно. Хэрэв хуралдааны ирц хүрэхгүй бол ирээгүй гишүүдийн нэрсийг олон нийтэд зарлана. Гэхдээ төлөөлөгчид маань ажилдаа хариуцлагатай хандах байх. Би итгэлтэй байна.

-Зуун айлыг нүүлгэхээс эхлүүлээд НИТХ-д хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил яригдаж байгаа. Тэр асуудлууд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тэрхүү ажлууд үр-гэлжилнэ. Үйлдвэр тех-нологийн паркийн асууд-луудын үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэй байна. Улаанбаатарын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг маш эрчимтэй хөөцөлдөх хэрэгтэй. Засгийн газар УИХ-тайгаа хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй байна. Иргэдийнхээ төлөө санаачилгатай байх хэрэг-тэй.

Эх сурвалж: DNN.MN

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Их мэргэн үг хэлчлээ гэж бодоод байгаамаадаа?! Наад үг чинь харин хэнд хэрэгтэй вэ?гэвэл Хүрэлсүхэд л хэл?!
2019/03/07 203.91.119.94
зочин
Маш зөв ярьжээ. Нуруутай, ухаалаг хүн байна, доор коммент бичсэн хүмүүс удахгүй учир начраа ойлгох байхоо. Амжилт хүсье!
2019/03/07 103.246.38.107
зочин
эрхэм давга гуай амарсайхан та хоёрыг хүрэлсүхийн хэвэнд цутгасан юм шиг яасан адилхан попордоно вэ ?
2019/03/07 66.181.160.107
Зочин
Хувийн хэвшил гэж хэт их туйлшрах буруу шүү дээ хувийн хэвшлийнхэн ядарсан ард түмнийг шулж шулсан мөнгөөрөө дарга нарыг хахуулдаж бизнесийн ашиг хонжоо хайж олдог гэдгийг ард түмэн мэднэээ
2019/03/05 182.160.36.218
Зочин
Хуцдаг халтар вэ? Чамайг захирдаг том дарга нар чинь яг ингэж бодоод саарал ордонд сууж байна. Чи яг гэрт нь хариулж харагдаач
2019/03/05 203.217.139.227
111
энэ боловсролгүй хоосон толгой нийслэлийг хөгжүүллээ юу хувийн хэвшил гэж Анадбазарт өрөө төлөх аргаа л хайх биздээ хэдэн үеийн хотын дарган өрөөнд залбираад л залрахгүй бас залуу эхнэр нь лам авчирч
2019/03/05 183.177.106.66
Барьлаа Хорьлоо Тавьлаа
Бас нэг манийсан авлигач байна даа.
2019/03/05 103.111.68.3
Оюунсүх
Хувийн хэвшлийннээр төрөө самруулж тусгаар тогтнолоо алдъя гэж бодож байгаа хүн одоохон 461- рт оч!!!!!!!!!
2019/03/05 150.129.142.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment