8o
Улаанбаатар хот
mobile menu

Ганц хором уураа тэвчээгүйн улмаас нэг иргэнийг "хараагүй" болгожээ

2019-03-16 12:55:00

Саяхандаа найз маань маш харамсалтай нэгэн хэргийн тухай ярьж өгөв. Энэ хэрэг нь СХД-т байрлах ..... зочид буудалд гарсан бөгөөд найзууд хоорондоо маргалдаж, улмаар Э гэгч нь уураа тэвчилгүй гар утсаа авч шидэхэд утас нь хананд ойж, хажууд сууж байсан найзынхаа зүүн нүдийг онож, хараагүй болгосон гэнэ. Түрхэн зуурын уур бухимдал нэгэн иргэнийг насаар нь нар харах эрхгүй болгож, харин утас шидсэн Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагджээ.

Тэрбээр болгоомжгүй хийсэн үйлдлийнхээ төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн найзынхаа эрүүл мэндийг хохироож, хараагүй болгосныхоо төлбөрийг ч төлж барагдуулсан гэнэ.

Нэг нь эрүүл мэндээрээ, нөгөө нь эрх чөлөө, эдийн засгаараа хохирсон энэхүү хэргийн шалтгаан нь ердөө л түрхэн зуурын уур бухимдал, тэвчээргүй зан, омголон байдал гэнэ. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс болж хэчнээн хүн эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирч байгааг цагдаагийн байгууллагаас тодруулав.

Хамгийн харамсалтай нь, энэ төрлийн буюу хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын гэмт хэрэг жил ирэх бүр өссөөр байгаа гэнэ. Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд 25-30 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зөвхөн 2018 оныг жишээ болгон татахад, 2018 онд зодооны улмаас 7957 хүн хохирсоноос 6118 хүн хөнгөн, 578 хүн хүнд, 1261 хүн хүндэвтэр гэмтсэн байна.

Ингэхдээ 40 хувь нь гэр орон, ахуйн хүрээнд, 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн газар, үйлчилгээний газар, гэмт хэргийн 39 хувь нь 22.00-06.00 цагийн хооронд үйлдэгддэг аж. Үүнээс харахад, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш. Тухайн үеийн уураа ганцхан хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг нь ЦЕГ-аас гаргасан судалгаанаас харагдаж байгаа юм.

Ингээд залуучуудыг "Нэг хором"-ын уур бухимдлаа тэвчиж, өөрийгөө болон өрөөлийг эрүүл мэнд, эрх чөлөөгөөр хохироохгүй байх үүднээс дээрхтэй адил жишээг иш татан хүргэж байна.

Энэхүү хэрэг нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Tig” нэртэй шөнийн клубын гадна болжээ. Иргэн Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гурван найзын хамтаар тус клубт үйлчлүүлэхээр ирсэн байдаг. Гэвч шөнийн 04.00 цаг болсон учир хамгаалагч клуб хаасан гээд оруулаагүй байна. Улмаар иргэн Ц бие засахаар уг шөнийн клубын хойно байрлах харанхуй гудамжруу алхах үед үл таних архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн 4 залуутай тааралдаж, "Э"-гийн мөрөн дээрх шивээсийг ямар учиртай шивээс юм бэ, гэж асууснаас болж маргаан үүсч хоорондоо барьцалдаж авчээ. Улмаар “Э” нь иргэн “Ц”-гийн биед халдаж баруун нүд хэсэгт өшиглөснөөс эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.

Тодруулбал, Ц-гийн баруун нүдрүү өшиглөснөөс болж, нүдний цөцгий нь хагарч, хүнд мэс засалд орж, баруун талын нүдээ бүрэн авахуулж, хараагүй болжээ. Энэ бол маш харамсалтай жишээ.

Үл ойлголцол, тэвчээргүй зан, омголон байдал, онгироо зан юунд хүргэдгийг дээрх хоёр жишээнээс харж болно. Хэрэв тэд "Нэгхэн хором" уур бухимдлаа тэвчиж, тайван хүлээцтэй байсан бол дээрх хоёр жишээнд дурдагдсан иргэд орчлонг харах нүдтэй, хоёр иргэн өргөст торны цаана залуу насаа өнгөрүүлэхгүй байв.

Тиймээс хормын төдий уураа "УУЧЛААРАЙ" гэдэг үгээр сольж, дээрх эрсдлээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалъя.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Та
Санамсаргүй үйлдэлд хорих ял оноогоод яах юм. Хохирлыг нь барагдууоах арга хэмжээ л авах хэрэгтэй. Энэ эрүүгийн хуулиа хэзээ нэг зөөлөх юм бол доо. Хүн болгоныг гэмт хэргийн нүдээр хардагаа больё
2019/03/17 103.229.122.100