8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн өндөр албан тушаалтануудын хууль бус үйлдэл хуулиар хамгаалагддаг уу??

2019-03-14 11:23:00

Өнгөрсөн 2016 оноос хойш Авлигатай тэмцэх газраас Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа \”Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа талаар мэдээлэл гаргасан. Тодруулбал, тус хэргээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хуулийн байгууллага саатуулан шалгаж байсан. Гурван жилийн хугацаанд сүр дуулиантай шалгаж байсан Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,  анхан болон давж заалдах шатны шүүхээс прокурорын Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Сүүлийн жилүүдэд АТГ салбар бүрийн дуулиант хэргүүдийг ил болгож, дуулиан шуугиантайгаар шалгасан. Гэтэл хэсэг хугацааны дараа хэргийг хэрэгсэхгүй болгодог жишиг тогтоод байна. Гар утас хулгайлаад цааш нь зарвал үүнийг мөнгө угаасан гэж үзнэ хэмээн ЦЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан ярилцлага өгсөн байдаг. Энэ талаар ярилцлагыг энд дарж үзнэ үү.  Хуулийн байгууллагынхан өөрсдөө ингэж ярьдаг атлаа яг авлига хээл хахуулын хэрэгт холбогдсон  төрийн өндөр албан тушаалтануудыг үнэн зөв шалгаж, шүүж чадаж байна уу.

Өнгөрсөн жил гэхэд Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ саатуулан шалгасан. Тухайн АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж нэлээд дуулиан шуугиан тарьсан. Тухайн үед АТГ мэдээлэл өгөхдөө “Ерөнхий сайд асан С.Баяраас байцаалт мэдүүлэг авах үедээ хоол өгсөн нь үнэн” гэсэн тайлбарыг өгсөн. Мөн тухайн бичлэгийг ил болгосон ажилтаныг ажлаас нь халсан талаар мэдээлэл цацагдаж байсан. Шалгагдаж байгаа хүнээ хоолоор дайлаад сууж байгаа хуулийн байгууллага үнэн зөв шударга ажиллаж чадах уу. Ардын хүүхдүүд 100 мянган төгрөг хулгайлаад шоронд суудаг, ард түмний мөнгийг хулгайлсан төрийн өндөр албан тушаалтанууд хэсэг хугацаанд шалгагдаж байгаад чимээ сураг алдардаг ийм л жишиг тогтсон.

Өнгөрсөн 2018 онд АТГ-аас шалгасан  дуулиан шуугиан дагуулсан хэрэг нэгээр зогсохгүй. Тодруулбал,  олны анхааралд байгаа ялангуяа төрийн алба хашиж байсан томчууд буюу цагаан захтнуудад холбогдох эрүү, авлига, албан тушаалын хэргийг нэлээд шалгасан.  Үүний нэг болох экс Ерөнхий сайдууд, Сангийн сайд асанд холбогдох хавтаст хэргүүд сураг алдарлаа. Тодруулбал, АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан  хоёр эрхмийг нэг дор баривчилж нийгэм даяар дуулиан тарьсан үйл явдал болсон. Тодруулбал, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр 2018 оны зургаадугаар сарын 8-ныг хүртэл яг хоёр cap хоригдсон. Монгол Улсын түүхэнд төдийгүй АТГ үүсгэн байгуулагдсан цагаас хойш төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан хоёр Ерөнхий сайдаа нэг өдөр хорьж шалгаж байсан түүх байхгүй. Энэ утгаараа тус баривчилгаа манай улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон. Үүнийгээ дагаад ч хоёр Ерөнхий сайд ял авах нь тодорхой боллоо гэсэн хүлээлт өндөр байлаа. Гэтэл экс ерөнхий сайдууд хоёр сар хоригдоод суллагдсаныхаа дараа өнөөдрийг хүртэл холбогдсон хэрэг нь нам чимээгүй болчихлоо. АТГ-аас тухайн үед  Ерөнхий сайдуудыг шалгаж байгаа хэргийн тухай албан ёсоор мэдэгдэхдээ “ ...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдээлж байсан юм. Гэтэл шалгаж байгаа, мөрдөж байгаа нэрээр уг хэрэг замхрах тийшээ хандав бололтой.

Энэ хооронд хууч өвчин сэдэрч, эрүүл мэнд нь муудсанаас болж батлан даалтад гарсан С.Баяр бие хаагаа тэнхрүүлэхээр энд тэнд зугаалж яваа сурагтай. 

2016 оны сонгуулиас хойш хоёр сонгууль дамнан яригдаж байгаа алдарт 60 тэрбумын асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Уг 60 тэрбум асуудалд нэр холбогдсон гэх УИХ-ын дарга асан М.Энхболд ажлаа хүлээлгэн өгөхийнхөө өмнө  монголын ард түмнээс уучлалт гуйсан. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын дарга асан  М.Энхболдод гурван зүйлийн шаардлага тавьсан. Тодруулбал, М.Энхболдыг 60 тэрбумын ярианд оролцсоныхоо төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх, 60 тэрбумын гэх хэргийг сэргээн шалгуулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардсан байдаг. Уг шаардлагын хариуг өгөхдөө УИХ-ын дарга асан М.Энхболд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг өрөөндөө дуудаж, 60 тэрбумын ярианд оролцсон учир уучлалт гуйсан бичгээ албан ёсоор өгсөн байдаг. Ийн хийсэн үйлдэл нь илт, өөрсдөө ч албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байхад АТГ өнөөдрийг хүртэл уг хэргийг шалгахгүй хав дарсаар ирлээ. Аль эсвэл  60 тэрбумын хэрэгт оролцсон төрийн албан тушаалтануудыг цээжээрээ хамгаалах ашиг сонирхол АТГ-т байна уу.

Мөн  “Жаст” группийн захирал Ш.Батхүү "Эрдэнэт Үйлдвэр", Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн өмчийн хэд хэдэн компанийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт Банкнаас их хэмжээний зээл авсан хэрэг ил болсон. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард хорьсон байдаг ч  өнөөдрийг хүртэл тус хэрэг хэрхэн шалгагдаж байгаа нь тодорхойгүй байна.

Энэ мэт олон анхаарал татсан хэргүүдийг АТГ илрүүлэн шалгасан байдаг. Гэтэл өнөөдөр тус хэргүүд хаачсан нь мэдэхгүй нам чимээгүй болчихлоо.  Дахиад замхрах уу. Зарим хэрэг нь эхнээсээ цагаатгасан байна. Энэ мэт шалгаж байгаад цагаатгаад байх юм уу.  Аль эсвэл Төрийн өндөр албан тушаалтануудын хууль бус үйлдэл хуулиар хамгаалагддаг уу??

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ихэнх үйлдэл нь хуулийн хамгаалалттай байдаг нь үнэн. Төрийн алба хаагчдад давуу эрх олгосон, ашиглах шамшигдуулах боломж олгосон салбар хуулиудыг өөрчлөх л шаардлагатай.
2019/03/15 66.181.183.132
zochin
Enhboldiin hotoch nohoi Enhjargal eznee shalgahuu
2019/03/15 202.179.31.96
зочин
энэ төр гээд бгаа нөхөд чинь ихэнх нь хулгайчид,яаж салах вэ
2019/03/14 66.181.160.109