8o
Улаанбаатар хот
mobile menu

KFC-д сүлжээ ресторан эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн гомдлыг барагдуулаагүй байна

2019-03-19 09:53:00

KFC-д сүлжээ ресторанд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцуулна

Зайсан дахь KFC салбараар үйлчлүүлсэн хүмүүс олноороо хордсон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан билээ.  Тодруулбал, НМХГ нь 2019.02.12-ны 16:56 минутад ХУД-т байрлах Таван богд ХХК-ийн “KFC-Зайсан” салбарын хоолны газарт 2019 оны 2 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд хоол идсэн 16 хүнд усархаг гүйлгэх, бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрсэн” гэх мэдээллийг хүлээн авч холбогдох албаныхан хяналт шалгалт хийж ажилласан. 

Тус үйл явдлын дараа НМХГ-аас тандалт, хяналтаар сэжиг бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, ундны ус, ундаа болон 2019.02.09, 10,11,12-ны өдрүүдийн бэлэн боловсруулсан хоолны 39 хяналтын дээж болон тухайн байгууллагын ажлын байр, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйтгэлийн үр дүнг үнэлэх зорилгоор эрүүл зүйн арчдас, орчны агаарын сорьц шинжлэгдэхүүн болон нийт 94 сорьцыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан байдаг. Тус шинжилгээгээр дараах ноцтой зөрчилүүд илэрсэн.  Тодруулбал,


1. Тус салбар 35 ажилчинтай, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрийг шалгахад арьсны халдварт өвчин илрүүлэх үзлэгт хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтаны гарын үсэг, тэмдэггүй, зурган дээр тамга дарагдаагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэггүй нь ЭМС-ын 2017 оны А/145 тоот тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ыг ноцтой зөрчсөн; 

  1. Хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлээгүй, дамжлага дундын хяналт алдагдсан; 
  2. Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй, холбогдох бүртгэл хөтлөөгүй;
  3. Үйл ажиллагаандаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөгдөөгүй халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэг; 
  4. Хоол үйлдвэрлэлд оролцдог ажиллагсад нь сургалт эрхлэх эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үнэмлэхгүй;
  5. Эрүүл ахуйч эмч томилж ажиллуулаагүй, дотоодын хяналт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байгаа юм. 

KFC сүлжээ рестораны Зайсан дахь салбарт иргэд хордсон хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн. Тэгвэл шалгалтын эцсийн дүгнэлтийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-ны өдөр танилцуулахаар болжээ. Одоогоор KFC сүлжээ рестораны бусад салбаруудад хийсэн хяналт шалгалтын дүнг албан ёсоор мэдэгдээгүй байгаа бөгөөд үйл ажиллагаагаа нь хэвийн үргэлжилж буй юм. Уг нь тус үйл явдал болсоны дараа МХЕГ-ын дарга KFC сүлжээ  рестораны бүх салбарыг хаана гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл бүгд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хэвийн үйл ажиллагаа явуулахаас гадна хордлогонд орж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн гомдлыг барагдуулаагүй байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл