8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ном хэвлэгдлээ

2019-03-19 16:00:00

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэйгээр мэдээлж, сурталчлах зорилгоор УИХ-ын Тамгын газраас чуулган бүрээр эрхлэн гаргадаг ээлжит ном хэвлэгдлээ.

    Улсын Их Хурлын 2018  оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга номд чуулганы хугацаанд Улсын Их Хурал болон Байнгын, Дэд, Түр хороодын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрхэн ажиллаж, хэчнээн хууль тогтоолууд баталсан талаарх мэдээлэл, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулгыг нийтэллээ. Мөн ээлжит чуулганы нээлт, хаалт дээр УИХ-ын даргын хэлсэн үг, УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэлсэн байна.

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд хороо, Түр хороод нийт 92 удаа хуралдаж, бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 13, хууль хүчингүй тооцох тухай хууль 3, нийт 46 хууль, Улсын Их Хурлын 41 тогтоол хэлэлцэн баталсан. 

    Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан Улсын Их Хурлын 26 гишүүн 77 асуудлаар 15 удаагийн асуулга, нэг асуулт тус тус тавьсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар гурван гишүүний нийт гурван асуулгын хариуг сонсож, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 25 гишүүн 82 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. 

    Олон нийтэд зориулсан уг номд УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар баталсан Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай (Шинэчилсэн найруулга), Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай  зэрэг бие даасан хуулиуд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга болон бусад хууль тогтоомжийн талаарх инфографикууд нийтлэгдлээ. 

     Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын, Дэд хороодын хуралдааны талаарх тоон үзүүлэлт бүхий тойм, УИХ хянан шалгах чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх танилцуулга болон Байнгын хороодын үйл ажиллагааны мэдээллүүд, УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулга, асуултууд, хаврын чуулганаар баталсан хууль тогтоомжийн жагсаалт, батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, сонгогчдод цэгцтэй, бодитой ойлголт өгөх үүднээс бэлтгэсэн инфографик, холбогдох гэрэл зураг, бусад мэдээллүүд нийтлэгдсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment