УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдээлсэн. Харин ЗГХЭГ-аас уг мэтгэлцээний урилгыг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн аж. Тэгвэл уг асуудлаар Монголын ногоон намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийллээ. Хуралд Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, эмэгтэйчүүдийн эрхийг асуудлыг хариуцагч М. Мөнхзаяа, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаяр, Экологийн хамгаалагч ногоон намын гишүүн Э.Наранчимэг нар оролцож, УИХ-ын О.Баасанхүү хэвлэлийн бага хурал хийн Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийг халз мэтгэлцээнд урьж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төслүүдийг олон удаа хүргүүлсэн боловч зөвшөөрөх боломжгүй гэдэг хариултыг авсаар байгаа. Тэрээр энэ ард түмний олон нийтийн асуудал дээр хэт хөнгөмсөг ханддагийг нотлох үүднээс энэ сарын 12-ны өдрийн 19:00 цагт Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийг халз мэтгэлцээнд урьсан. Мэтгэлцээнд илт давуу ялагдвал О.Баасанхүү УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө долоо хоногт багтаан өгөхөөр шийдсэн. МНН уг мэтгэлцээнийг улс төрчдийн бодит нүүр царайг харуулах, Монгол улсад улс төрийн соёлын хэвшмэл зүйлийш бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх болно гэж харж байгаа. Нөгөө талаар хэрвээ энэ удаагийн мэтгэлцээнд О.Баасанхүү илт давуу ялалт байгуулах юм бол түүний нийгэмд эзлэх нэр хүнд өснө. С.Баярцогт, С.Ганбаатар нарын мэтгэлцээний дараа С.Ганбаатарын нэр хүнд өссөн шиг О.Баасанхүүгийн рейтинг өсөх өндөр магадлалтай. Магадгүй Ерөнхий сайдын зүгээс үүнээс эмээж байгаа бололтой. Товчхондоо Ч.Сайханбилэг тэргүүтнүүд О.Баасанхүүгээс айж байна. Бидний тухайд энэ мэтгэлцээнийг дэмжиж байгаа. Учир нь мэтгэлцээн гэдэг бол ардчилсан засаглалтай оронд хамгийн эрүүл үзэгдэл” хэмээлээ.