8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баттулга: Усны хэрэглээний талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг чухалчилж байна

2019-03-25 14:02:00

Дэлхийн усны өдөрт

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхий нийтээр ус бол хүн төрөлхтний амин чухал эрдэнэ гэдгийг сануулахын зэрэгцээ устай холбоотой бүх төрлийн бодлого, төлөвлөлтөө сайжруулахыг сануулсан “Дэлхийн усны өдөр”-ийг НҮБ-аас зохион байгуулдаг. 26 дахь жилдээ тэмдэглэж буй энэ өдрийг манай улс “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриатайгаар өнгөрсөн баасан гарагт тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд БОАЖЯ-ны удирдлагууд, орон нутгийн Сав газрын захиргаадын төлөөлөл болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, хүн амыг цэнгэг усаар хангахын тулд яах ёстой вэ, цаашлаад усны хүртээмж, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн БОАЖЯ-наас Дэлхийн усны өдрийг угтан Туул голын сав газрын төлөв байдлын тайланг олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр тус арга хэмжээнд оролцогчдын байр суурийг сонслоо.

Н.Баттулга: Усны хэрэглээний талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг чухалчилж байна

БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга “БОАЖ-ын сайдын  тушаалаар Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх яам, салбарын эрдэмтэн, докторуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан, тодорхой төвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ жилийн арга хэмжээг “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” гэсэн уриатайгаар манай улс тэмдэглэж байна.  Монгол Улсын хэмжээнд усны 29 сав газарт 21 захиргаа үйл ажиллагаа явуулдаг. Захиргаад маань орон нутагтаа энэ сарыг “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” нэрийн дор аян өрнүүлж, тодорхой ажлууд хийж байна. Тодруулбал, энэ аяныг хүргэх зорилтот бүлэг нь хэн байх вэ гэх мэт асуудлуудаар удаа дараа хуралдаад дараах гурван зорилтот бүлгийг тодорхойлсон. Нэгдүгээрт, хүүхэд, залуучуудад чиглэсэн ус чандмань эрдэнэ хэмээх ойлголтыг хэрхэн хүргэх, усыг ариг гамтай хэрэглэх, хайрлахын ач холбогдлыг таниулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа. Жишээ нь, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд нас насанд нь тохирсон усыг хайрлах, гамнахтай холбоотой “АХА” тэмцээн, гар зураг, зохион бичлэг, шүлгийн уралдаан зохион байгууллаа. Мөн усны мэргэжилтнүүд тухайн сум орон нутгийнхаа уст цэгүүд, худаг дээр очиж хүүхэд, багачуудад хөгжөөнт маягаар, томчуудад усны хэрэглээнээс гадна усны савны эрүүл ахуйгаар яриа, ухуулга хийлээ. Хоёрдугаарт, усны тухай ном, хэвлэмэл зөвлөмж, гарын авлагуудаа тухайн орон нутгийн номын сан, сургуулийн номын сангуудад өгсөн. Уншлагын цагийн хуваарийн дагуу уншигчдад усны ач тус, өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх зэргээр арга зүй болоод мэдээллээр хангалаа. Гуравдугаарт, нийт иргэд, оршин суугчдын усны тухай мэдлэг, усыг ариг гамтай ашиглахтай холбоотой хандлагыг эерэг зөв болгох нөлөөллийн ажлуудыг хийлээ. Эдгээр ажил ирэх жилийн гуравдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ” гэлээ. Түүнчлэн энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн хэмжээнд усны салбарын эрдэмтэн, судлаачид, энэ чиглэлээр суралцагч оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, усны талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилт, өнөөгийн нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Түүнчлэн “Уур амьсгалын өөрчлөлт-Усны менежмент” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Үүнээс гадна БОАЖ-ын сайдын 57 дугаар тушаалаар Сав газрын зөвлөлийг Сав газрын талуудын оролцооны зөвлөл болгон өөрчилсөн. Ингэснээр сав газрын зөвлөл, захиргаа хоёр хамтран Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх давуу талтай юм. Өөрөөр хэлбэл, 834 талуудын оролцоо Монгол Улсын өнцөг булан бүрээс усны асуудалд нэгдсэн байр сууринаас хандана гэсэн үг. Энэ зөвлөлд тухайн орон нутгийн ИХТ, зарим зөвлөлд УИХ-ын гишүүн, ус бохирдуулагчид, малчид, тариаланч, ногоочин, жирийн иргэн, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн төлөөлөл гэх мэт маш олон талын хүн багтаж байгаа. Ингээд эдгээр хүмүүс Сав газрын захиргаатай хамтраад тухайн орон нутгийн ус бохирдуулагчид болоод устай холбоотой бүх асуудалд хяналт тавьж, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, экосистемийг зүй зохистой ашиглахаас гадна байгаагаар нь хадгалан үлдэж, хамгаалж болох вэ гэдгийг шийдэн ажиллаж байна. Эдгээр талуудын оролцоог хангахад “2030-Усны нөөцийн бүлэг”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ажиллаж байгаа” гэлээ.

Ч.Пунцагсүрэн: Гэр хорооллын нүхэн жорлон усыг ихээр бохирдуулж байна

БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлогын зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Пунцагсүрэн “Манай улс 550-560 км куб цэвэр устай. Дийлэнх хувийг Хөвсгөл нуур эзэлдэг гэх судалгаа бий. Нэн түрүүнд усны ашиглалтын бодлого үгүйлэгдэж байна. Иймд усыг дахин ашиглах талаар санал солилцож байгаа юм. Ус дахин ашиглалтын өнөөгийн нөхцөл тааруу байна. Өөрөөр хэлбэл, тулгамдсан асуудлын нэг болж байгаа. Иймд Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах  зорилгоор “Азийн хөгжил санг”-аас санаачилж буй 250 сая ам.долларын төсөл энэ онд хэрэгжих гэж байгаа. Хүн амын нягтаршил ихссэнтэй холбогдуулан ус таталтыг замбараагүй ашигласаар ирсэн. Бид усны нөөцийн бодлого, сав газраар хамгаалах бодлогыг баримтлан  ажиллаж байна. Гэр хорооллын нүхэн жорлон усыг ихээр бохирдуулж байна. Хөрсний шинжилгээ хийхэд зарим бодис байх хэмжээнээс маш өндөр гарсан. УИХ  2010  онд “Ус үндэсний хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр баталсан. Уг хөтөлбөрийн нэгдүгээр үе шат нь 2010-2015 онд хэрэгжсэн. Одоо хоёрдахь шатандаа ажиллаж байгаа. 2021 он гэхэд уг хөтөлбөр дуусах ёстой. Уг хөтөлбөр усны нөөцөө хамгаалах, усны ашиглалт чанарт нь анхаарч хяналт шалгалтын сүлжээг байгуулах, усны нөөцийн хуримтлалаа бий болгох, усаа эргүүлэн ашиглах,  дээр үеэс усаа хайрлан хамгаалж ирсэн уламжлалаа хүүхэд залуучууддаа сурталчилъя гэсэн үндсэн зорилтын хүрээнд хэрэгжиж байна. Мөн нөлөөллийн ажлууд шат дараатайгаар хийгдсээр байгаа. Үерийн усаа хуримтлуулаад усны нөөцөө нэмэгдүүлж боомт, далан зэргээ байгуулаад бусад салбараа аваръя гэсэн ажлын явц тааруухан байна” гэв.  Дээрх байдалтай уялдуудан  гэр хорооллын ариун цэврийн орчныг сайжруулах төслийн хүрээнд “Азийн хөгжлийн банкны” төсөвөөр  900  гаруй жорлонг Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөжээ.  2018  онд аймгуудад 70 орчим нүхэн жорлонг шинэчлэн барьсан аж. Түүнчлэн гэр хорооллын айлуудыг төвлөрсөн шугамд холбохоор төлөвлөн ажиллаж байгаа нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцолсон юм.

Д.Энхбаяр: Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх ундны уснаас их хэмжээний нитрат илэрч байгаа нь гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэнэ

Энэ үеэр ШУТИС-ийн  Геологи уул уурхайн  сургуулийн багш, доктор Д.Энхбаяр  тавьсан илтгэлдээ “Судлаачид хаврын улиралд голын ус ширгээд буй шалтгааныг тодруулан ажилласан. Судалгааны үр дүнгийн талаар дурдвал Улаанбаатар хотыг ундны усаар хангаж буй ус таталтын 100  гаруй цооног байдаг. Үүнээс үүдэн голын ус газар доорх ус руу чиглэх чиглэлтэй болдог. Голын мөс ёроолдоо хүртэл хөлдөж  хавар болохоор  ус уурших төлөв ажиглагдах боллоо.  Тэгвэл  голыг өвөл зунгүй яаж тогтвортой урсгах вэ гэдэгт анхаарч, ус таталтыг оновчтой аргаар зохицуулах нь чухал.  Иймд газар доорх усыг зөв зохистой хэрэглээгүйгээс үүдэн усгүй болоход ойрхон байна. Нэн түрүүнд  хаана, хэзээ ус татах байгууламжаа байгуулах вэ гэдэг шийдлийг зөв хийх хэрэгтэй.  Хот төлөвлөлттэй хамгийн ихээр холбогддог зүйл газар доорх усны менежмент. Үүнийг тооцоололгүйгээр хот төлөвлөлтөө хийдэг. Улмаар усны хомсдол үүсэх эрсдэлтэй тулгардаг. Улаанбаатар хотын суурьшлын бүсэд 2017 онд судалгаа хийхэд усны чанар асар өндөр  эрдэсжилттэй гарсан. Үүнд нитрат хамгийн их илэрсэн. Дэлхийн хэмжээнд усанд нитрат 50 миллаграмм литрээс ихгүй байх байтал манай улсад 1061 миллаграмм литр нитрат агуулагдаж байгаа нь гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэнэ” гэдгийг онцолсон юм.

Д. Батболд: Бид гэнэтийн гамшиг болохоос өмнө “Туул” голоо аврах хэрэгтэй байна

            Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд “Байгалийн нөөц тэр дундаа усыг байгалийн хилийн хувьд л анхаарч үзэх хэрэгтэй. Засаг захиргааны хуваарилалтаар авч үзэх нь буруу бөгөөд усыг байгалийнх нь  хилийн хүрээнд хамгаалдаг. Түүний хүрээнд усыг ашигладаг байгууллага, аж ахуйн нэгж, хүн ард нийгэм эдийн засгийн асуудал, засаглал, усны төлөв байдлын асуудал гэх мэт бүх зүйлийг цогцоор нь авч үзснээр төлөв байдлын судалгаа хийгддэг. Туул голын сав газрын ерөнхий төлөв байдлын үнэлгээний хүрээнд цөөхөн зөвлөмж гарсан байсан. Жишээлбэл, гадаргынхаа усыг түлхүү ашиглах хэрэгтэй байгааг мэдээлсэн. Бид гэнэтийн гамшиг болохоос өмнө Туул голоо аврах хэрэгтэй. Туул гол бол Монгол орны зүрх. Хүн ус байхгүй бол амьдрахгүй. Үүнийг ойлгож үр ашигтай шийдвэр, хууль хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа” гэлээ.

Л.Эрдэнэбулган: Ашигласан усыг дахин ашиглах усны чанарын стандарттай болсон нь усны нөөц, ашиглалтад чухал ач холбогдолтой

БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнбулган “Дэлхийн усны өдөр тэмдэглэлт  ойн баяр гэхээс илүү усны салбарын ололт амжилт, цаашид ямар ажлын хэрэгжүүлэх вэ, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжийг эрэлхийлж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БОАЖЯ-наас бодлогын болоод үйл ажиллагааны томоохон ажлуудыг хийсэн. Үүнд, Эрх зүйн талаас Ус бохирдуулсан төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Байнгын хороо, УИХ–ын 2018 оны Хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцэж дэмжлээ. Энэхүү хуулийн төсөл нь ус бохирдуулагчдад хүлээлгэх хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хаягдал усыг үе шаттай бууруулах, эдийн засгийн хөшүүрэг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан.  Хууль гарсанаар ус бохирдуулсан механизмыг нэвтрүүлэх бусад дагалдах эрх зүйн баримт бичгүүд хангагдаад байгаа. Мөн Дахин ашиглах цэвэрлэсэн усны стандартыг боловсруулан баталлаа. Ингэснээр есөн чиглэлээр цэвэрлэсэн усыг дахин ашиглах эрх зүйн таатай орчин бүрдэж байгаа юм. Энэ стандарт батлагдсантай холбогдуулан загвар төслүүдийг боловсруулан ажиллахын зэрэгцээ цэвэрлэсэн усыг дахин ашиглаж байгаа аж ахуйн нэгжийн тухайд олон давуу талтай. Ус ашигласан болон бохирдуулсаны төлбөр төлөхгүй. Учир нь усыг цэвэрлэж, дараагийн субьектэд ашиглуулж байгаа нь чухал. Үүнээс гадна БОАЖЯ-наас өнгөрөгч 2018  онд  хүн амын дунд усны хангамж, судалгаа хийсэн. Газрын доорх усны өөрчлөлтийг хянах зорилгоор хяналтын сүлжээг өргөтгөх чиглэлээр 40 орчим хяналт шинжилгээний сүлжээ нэмэгдсэн. 225 цэгт газар доорх усны түвшний өөрчлөлтийг хянах боломж бүрдүүлсэн. Өөр нэг чухал ажил нь Ганга нуур дээр сүүлийн жилүүдэд тасралтгүй ажилласан. Энэ нуурын 80  орчим хувь ширгэж үгүй болсон. Үүнтэй холбогдуулан 2017 онд гидро геологийн хайгуулын судалгаа хийсэн. 2018  онд Ганга нуурыг  тэжээх усны орд илрүүлсэн гэх мэт үр дүнтэй ажлуудыг хийсэн. Энэ зун Ганга нуурын ёроолыг цэвэрлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ.

Усны асуудлаар бодлого тодорхойлогчид болон судлаачид хэрхэн ажиллаж байгаагаа болон усыг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар юу төлөвлөж байгаагаа ийн ярьлаа.

Манай улс дэлхийн бусад оронтой харьцуулахад цэвэр усны нөөц багатайд тооцогддог бөгөөд нэн ялангуяа нийслэл Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн төлвийг харгалзан үзвэл ус хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг оролцогчид хэлж байлаа. Үүний тулд хүн амын дундах усны хэрэглээ, зүй зохистой ашиглалт, хамгаалалтын талаарх ойлголт, хандлагыг сайжруулах нь юу юунаас чухал гэдгийг ч мөн онцолж байсан юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл