8o
Улаанбаатар хот
mobile menu

“Алунгоо-2018 цом”-ын эзэд гадаадад аяллаа

2019-04-03 10:33:18

Монголын эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Я.Ариунзул, “Алунгоо-2018 цом”-ын эзэд, аймгуудын эмэгтэйчүүдийн холбооны дарга нар, зарим гишүүн байгууллагын удирдлагуудын төлөөлөл, нийт 30 гаруй бүсгүйчүүд Дорноговь аймаг, Эрээн, Хөх хот, Ордос хотуудад аялж, ажиллаад ирлээ.

Энэхүү аяллыг Монголын эмэгтэйчүүдийн холбооны ажлын алба гурван үндсэн зорилготойгоор зохион байгуулсан.

Үүнд:

2018 онд ажил үйлсээрээ манлайлсан шилдэг эмэгтэйчүүдийн хамт Эзэн богд Чингис хааныхаа ОНГОН ШҮТЭЭНД мөргөж, хүндэтгэл үзүүлэх, ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбоо, Хөх хотын эмэгтэйчүүдийн холбоо, Эрээн хот дахь эмэгтэйчүүдийн холбоотой хамтын ажиллагааны санал солилцох, “Дээлийг дэлхийд” төслийг танилцуулах ажлын эхлэлийг тавьсан юм.

2019 оны 3-р сарын 24-ний 00:00 цагт Улаанбаатараас хөдөлсөн манай багийг МЭХ-ын Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн дарга н.Сэмжидтуяа хүлээн авч, Дорнын их найрагч, нэрт соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн музейд урьсан юм.

Мөн Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг эмэгтэй удирдагчийн хувьд аяллын багийнхныг онцгойлон хүлээж авч аймаг орон нутгийнхаа онцлог давуу тал болоод, эмэгтэйчүүдийн зөвлөлөө хэрхэн дэмжиж, хамтран ажилладаг талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Эмэгтэйчүүдийн байгууллагын үйл хэрэгт эрчүүдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал” болохыг онцлоод өөрийн арга туршлагаасаа зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгч байлаа.

Төлөөлөгчдийг Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотод Монгголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч С.Дуламсүрэн, Аззаяа, Хөхотод Сайннямбуу нар хүлээн авч өөрсдийн явуулж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.

Бидний дараагийн зочилсон газар Эрээн хотын Эмэгтэйчүүдийн холбоо. Энэ үеэр тус хотод суух консул Д.Болд МЭХ-ны шилдэг төлөөлөгчид зочилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Эрээн хотод ажиллаж амьдарч, сурч, аялдаг Монгол иргэддээ төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг зарчим болоод анхаарвал зохих зарим асуудлуудыг хэлж байв. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Эрээн хот дахь төлөөлөгчийн газар байгуулахад боломжит хэлбэрээр дэмжиж ажиллахаа ирэлхийлсэн.

3-р сарын 27-нд ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Юүнь Цүй Рүн болон, Хөх хотын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудтай албан уулзалт хийж, хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллага харилцан туршлага солилцох талаар ярилцсанаас гадна ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг БНХАУ төрийн бодлогоор хэрхэн дэмждэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Мөн манай төлөөлөгчдийг Эмэгтэйчүүдийн  “E commercial park”-д урьж, эмэгтэй удирдлагатай, гарааны бизнес эрхлэгчдийг тодорхой хугацаагаар ажлын байрны түрээс, татвар, гаалийн татвараас ч чөлөөлж, бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах бүхий л менежментийг бодлогоор дэмждэгийг танилцуулаад Хөх хотын өмнөд хэсэгт байрлах хүлэмжийн аж ахуй эрхлэгч бүсгүйн ажил үйлстэй танилцуулсан юм.

Дээлтэй монгол бүсгүйчүүд 3-р сарын 28-нд Ордос хотыг зорьж, Далан хар уулын өвөр хормойгоор давхисаар ЧИНГИСИЙН ОНГОНД мөргөн, хүндэтгэл үзүүлээд буцсан.

Энэ үеэр Хөх хотод суугаа консул Д.Мөнх-Эрдэнэ төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, БНХАУ-ын хөгжил дэвшил, алсын хараа, гадаад улсууд руу хандаж буй төрийн бодлогын талаар мэдээлэл өгөөд 95 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны ажил үйлсэд амжилт хүсч, боломжтой хэлбэрээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Тус улсад ажиллах хугацаанд төлөөлөгчдөд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажилласан эрхэм консулд Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Ийнхүү 7 хоног ажиллаж, аялсан биднийг туурга тусгаар Монгол Улсын “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”-ны найрсаг хамт олон Замын-Үүд суманд хүлээн авч, дархан хилийн цэнхэр тэнгэр дор дуутай хууртай үдэж мордуулсан юм.

АЯЛАЛЫН ФОТО ЦОМГООС

Эрээн хотын чөлөөт бүст зочилж Харилцагч хариуцсан менежер н.Алтаагаас хоёр орны иргэдийн худалдаа, тус хотын чөлөөт бүсэд бараа бүтээгдэхүүн хэрхэн нийлүүлдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

\

Эрээн хотын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл МЭХ-ны гүйцэтгэх захирал Я.Ариунзулаас аялалын зорилгын талаар мэдээлэл авлаа.

Эрээн хот дахь эмэгтэйчүүдийн холбооны байранд

Эрээн хот дахь Консул Д.Болд, “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн редактор Ю.Шүрэнцэцэг.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ажлын албаны төлөөлөгчид Эрээн хот дахь Консул Д.Болд, ӨМӨЗО-ны Эрээн хот дахь эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн н.Сэргэлэн нарын хамт…

Монголын эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Я.Ариунзул, ӨМӨЗО-ны Эрээн хот дахь эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн н.Сэргэлэн нар уулзалтын үеэр

Эмэгтэйчүүдийн  “E commercial park”-д

Эмэгтэйчүүдийн  “E commercial park”-ийн гишүүн байгууллагын хүлэмжийн аж ахуйд /Хөх хот/

Хүлэмжийн аж ахуй эрхлэгч бизнес эмэгтэйд Монголын эмэгтэйчүүд сэтгүүл, дурсгалын зүйлс гардууллаа.

Ордос хот руу

Meng gu daying Хөх хот дахь Монгол хоолны газарт саатсан нь

 

 

Эрээн хот дахь хилийн иргэдийн чөлөөт худалдааны бүсийн Харилцагч хариуцсан менежер н.Алтаад дурсгалын зүйлс гардуулав.

МЭХ-хэвлэлийн алба

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл