“Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 4,273 дуудлага мэдээлэл хүлээн авч 1,266 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт 17 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээлэв.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд агаарын температур шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 4-5 хэм дулаан, салхины хурд 7-8 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 277 удаагийн дуудлагыг хүлээн авч, объектын гал түймрийн 270, эрэн хайх, аврах ажиллагааны 7 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 149 иргэнийг гамшиг осол, гал түймрийн аюулаас аварч, 185 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар дадлага, сургуулийг 7 дахь жилдээ улс орон даяар зохион байгууллаа. Дадлага сургуульд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо жил ирэх тусам өсч, нийслэлийн хэмжээнд 504.7 мянган иргэн хамрагдлаа” гэж танилцуулав.