8o
Улаанбаатар хот
mobile menu

Капитал банкийг татан буулгасан талаар хэн юу хэлэв

2019-04-10 08:14:00

Монголын  арилжааны 14 банкны  нэг Капитал банкинд эрх хүлээн авагч томилсон талаар Монголбанкнаас хоёр хоногийн өмнө мэдэгдэл гаргасан.  Уг мэдэгдэлд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан болно гэсэн мэдэгдэл гаргасан. Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргасантай холбогдуулан хэн, юу гэж хэлснийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Би Капитал банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй

Би Капитал банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Нийгмийн даатгалын сангаас байршуулсан мөнгөний талаар Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайдаас асуу. Үүнд улс төрийн нөхцөл байдал орсон. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:Сан дээр ямар ч эрсдэл үүсэхгүй

Хуулиар иргэдийн хадгаламжийг Даатгалын сан хариуцдаг. Төлбөр барагдуулах ээлжийг Монголбанк тогтоох эрхтэй. Монголбанкны удирдлагуудтай ярьсан. Эхний ээлжид иргэдийн хадгаламжийг барагдуулах арга хэмжээ авна. Хоёр дахь ээлжид сангуудын хөрөнгийг барагдуулах арга хэмжээ авна гэсэн ойлголттой байна.

Тиймээс удахгүй Монголбанкны хүлээн авагчтай бид нийгмийн даатгалын сангийн эрсдэлийг ямар хугацаанд барагдуулж дуусах вэ гэдэг график, хуваарийг гаргана.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7 тэрбум төгрөгийг 2015 онд тус банкинд байршуулсан байдаг. Үүнээс сүүлийн хагас жилийн хугацаанд бид ярьсаар байгаад 6 тэрбум төгрөгийг нь барагдуулсан.  Одоо 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. 

Намайг ажил хүлээж авахад Нийгмийн даатгалын сангийн 280 орчим тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулсан байсан. Гэрээнд өөрчлөлт оруулж зарим мөнгийг буцааж авснаар одоо Капитал банкинд тус сангийн 101 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. 

Энэ асуудлыг Монголбанк хүлээж авсан учраас Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөгийн үлдэгдлийг ямар хугацаанд барагдуулах вэ гэдэг графикийг Монголбанкны хүлээн авагчтай байгуулна. Гаргасан графикийн дагуу Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төлөх арга хэмжээ авна. Сан дээр ямар ч эрсдэл үүсэхгүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Капитал” банкинд төрийн 340 тэрбум төгрөг байсан

 Эдийн засаг өсөж байхад ийм шийдвэр гарч байна. Иймд тус банкны зээлдэгчид зээлээ эргүүлэн төлнө. Мөнгө ууршаад алга болохгүй. Капитал банк үл хөдлөх хөрөнгөтэй нь гарцаагүй. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан бичиг илгээн, Банкны тухай хуулийн 71.1-т зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлоо барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэлээ гаргах үүрэг өгнө. Хэдийгээр энэ банкны дампуурал банкны салбарт нөлөөлөхгүй ч Засгийн газарт өрийн дарамт үүссэн. “Капитал” банкинд төрийн 340 тэрбум төгрөг байсан. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг нэхэмжилнэ

Монгол банкнаас “Капитал” банк дампуурсаныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, дараахь шийдвэрийг гаргасан байна. Банкны тухай хуулийн 71.1.1 д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өглөө. Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцөлийг бүрдүүлэх юм. “Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа юм. Тус банкинд 2012 оны 12 дугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд ЭМДС-аас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан  байна.
 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шүшинга
ЖДҮ сангийн мөнгө байршиж байсан юм байна.
2019/04/10 202.9.42.53
Бичээч
Өөрсдөө мэдсээр байж зохиомлоож дампууруулаад,өөрсдөө тайлбар хийж тархи угаагаад сонин улс шүү.
2019/04/10 66.181.176.68