Замын-Үүд дахь Гаалийн газрын ажилтнууд гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдэж, их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдсон хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Эл хэрэгт Гаалийн Ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Насанбат нарын дөрвөн хүн холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байсан юм.
Тодруулбал, Замын-Үүд дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Ч.Насанбат, байцаагч М.Дөлгөөн, Л.Галбадрах, Ц.Батдорж, Б.Түмэнбаяр, Г.Эрдэнэбаатар нарыг прокуророос хээл хахууль авсан, өгсөн, зуучилсан, төрийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгажээ.
Ингээд тэдний хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Сэжигтэн этгээдүүд БНХАУ-аас оруулж ирж буй тавилгад татвар ногдуулахдаа хээл хахууль авч, өгч байгаад хуулийн байгууллагад саатуулагдсан гэх мэдээлэл бий.