15o
Улаанбаатар хот
mobile menu

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг өнөөдрөөс хааж, түр замаар зорчуулна

2019-04-15 10:50:28

Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу өнөөдөр Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх болон бусад албаны хүмүүс Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын нөхцөл байдалтай танилцан холбогдох хүмүүстэй уулзаж, замын ажлыг хурдан шуурхай эхлэх үүрэг чиглэл өгчээ.

Энэ талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх “БНХАУ болон Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Налайх, Улаанбаатар чиглэлийн 20,9 км замыг шинэчлэх ажил эхэлж байна.

Одоогийн байдлаар түр зам тавих ажлын явц 60 гаруй хувьтай байна. Эхний ээлжинд 10 км замыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хаах сайдын тушаал гарсан. Замын хөдөлгөөнд оролцох иргэд түр замаар тайван сандрахгүй, аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулмаар байна” гэв.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Дөрөвдүгээр сарын 15-наас зам хуулах үндсэн замын ажил эхэлнэ. 16-наас эхлэн түр замаар иргэд зорчих зохион байгуулалтад орно. Нийтийн тээвэр болон хүнд оврын 3.5 тонноос дээш даацын машинууд Налайхаас Төв аймгаар тойрч явна. Зөвхөн жижиг тэргүүд түр замаар зорчино. Хөдөлгөөний зохицуулалт тэмдэг, тэмдэглэлийн дагуу 30 км цагаас доош хурдтай байх шаардлагыг тавьж байна” гэдгийг хэллээ.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар яамнаас гаргасан шийдвэрийг танилцуулав.

Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаарт тушаалын дагуу Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар болжээ.

  • Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино. 
     
  • Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.


Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment