8o
Улаанбаатар хот
mobile menu

Украйн бүсгүйчүүд дөрвөн жинд аваргалж багийн дүнгээр тасархай тэргүүллээ

2019-04-16 14:00:00

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн ЕАШТ Румыний нийслэл Бухарестэд үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл энэ сарын 10-12-нд болж өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд 76 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт Туркийн Ясемин Адар сүүлийн дөрвөн жил дараалан тивдээ түрүүлж, дархан аварга боллоо. Түүнчлэн өнгөрсөн жилийн “Будапешт-2018” ДАШТ-ий дэд аварга Болгарын Бильяна Дудова гурван жил дараалан алтан медалийн эзэн болов.
Түүний нутаг нэгт өнгөрсөн жилийн дэлхийн аварга Болгарын Таибе Юсейн болон ОХУ-ын Стальвира Оршуш “Буурал тив”-дээ сүүлийн хоёр жил дараалан түрүүллээ. 
Монголчуудын эчнээ танил Оршуш манайд болдог “Монголиа Опен”-д жил бүр зодоглодог уламжлалтай бөгөөд энэ жил ЕАШТ-тэй давхцсан тул ирж чадаагүй. Буриад бүсгүй Улаанбаатарын дэвжээнд 2018 онд түрүүлж, 2016 онд мөнгө, 2014, 2017 онд хүрэл медаль хүртэж байв. Энэ удаагийн ЕАШТ-д Украины дөрвөн бүсгүй Оксана Ливач (50 кг), Ирина Гусяк (55 кг), Алла Черкасова (68 кг), Алина Бережна (72 кг), Унгарын Эмесе Барка (57 кг), Элиз Манолова (65 кг) нар анх удаа түрүүллээ. Хөнгөн жинд аваргалсан Оксана Ливач өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн ангилалд тивийнхээ аварга болж өвөрмөц амжилтын эзэн болсон. Дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Украины бүсгүйчүүд 168 оноогоор багийн дүнгээр тасархай тэргүүлж, Болгар (2 алт+2 мөнгө+0 хүрэл), Турк (1+0+3) удаалав.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:
50 кг: 1. Оксана Ливач (Украин) 2. Миглена Селишка (Болгар) 3. Ксения Станкевич (Беларусь), Эвин Демирхан (Турк) 
53 кг: 1. Стальвира Оршуш (ОХУ) Лилия Горишна (Украин) 3. Ванесса Колодинская (Беларусь), Жессика Блажка (Нидерланд) 
55 кг: 1. Ирина Гусяк (Украин) 2. Эвелина Николова (Болгар) 3. Андреа Ана (Румын) 3. Бедиха Гун (Турк) 
57 кг: 1. Эмесе Барка (Унгар) 2. Татьяна Кит (Украин) 3. Анастасия Ничита (Молдов), Алена Колесник (Азербайжан)
59 кг. 1. Биляна Дудова (Болгар) 2. Светлана Липатова (ОХУ) 3. Эльмира Гамбарова (Азербайжан), Элиф Йесилирмак (Турк) 
62 кг: 1. Таибе Юсейн (Болгар) 2. Аврора Кампанья (Итали) 3. Татьяна Омельченко (Азербайжан), Марианна Шастин (Унгар)
65 кг: 1. Элиз Манолова (Азербайжан) 2. Криста Инче (Румын) 3. Мария Кузнецова (ОХУ), Петра Олли (Финланд) 
68 кг: 1. Алла Черкасова (Украин) 2. Адела Ханзликова (Чех) 3. Женни Франссон (Швед), Анастасия Григорьева (Латви) 
72 кг: 1. Алина Бережна (Украин) 2. Анна Шелл (Герман) 3. Татьяна Морозова-Колесникова (ОХУ)
76 кг: 1. Ясемин Адар (Турк) 2. Мартина Кюнц (Австри) 3.Жанетт Немеш (Унгар), Алина Фокен (Герман)

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл