8o
Улаанбаатар хот
mobile menu

Ё.Лхамдулам: Ази эмэгтэйчүүд дотроос намайг сонгоод миний талаар Япончууд кино хийж байгаа

2019-04-19 09:42:00

Жилд 20 гаруй мянган хүнд ганцаараа үйлчилдэг эгэл даруухан нэгэн эмчийг урьж ярилцлаа. Түүнийг Ё.Лхамдулам гэдэг. Тэрээр өдөрт доод тал нь 40-50 хүнд зүү төөнүүр хийдэг бөгөөд 8 сартай балчираас 80 настай буурал хүртэл 1000 гаруй км-ийн цаанаас “Нандин гар” эмнэлгийн эмч  Ё.Лхамдуламыг зорин ирж эмчлүүлж байна. Ингээд түүнтэй уламжлалт зүү төөнүүр эмчилгээний талаар ярилцлаа.

 -Юуны түрүүнд та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Та хэзээнээс эхлээд энэ мэргэжлээр ажиллаж эхэлсэн талаар яриагаа эхлэе? 

-Намайг Ё.Лхамдулам гэдэг. Миний хувьд энэ мэргэжлээр 12 жил ажиллаж байна. Энэ мэргэжлээр ажиллах болсон нь бас сонин түүхтэй. Зүгээр явж байгаад энэ мэргэжлийг олоогүй бас багаасаа мөрөөдөж байсан мэргэжил минь биш. Амьдралын явцын дунд зовж шаналсан хүмүүсийг эмчлэх гэж энэ мэргэжлийг сонгосон. Залуу насандаа өөр ажил хийж байгаад идэр насандаа энэ мэргэжлийг сонгоод бариа заслын курсуудыг төгссөн байгаа. 1998 онд би хараагүй болчхоод нэг солонгос эмчид хандсан юм. Тэр эмч миний судсыг дарж үзээд хараа орох боломжтой гэсэн оношийг тавиад намайг хараатай болгосон юм. Тэгээд ерөнхийдөө энэ мэргэжлийг сонгохоор болсон юм.

-Судас барьдаг хүмүүсийг удам дамжсан мэдрэмжтэй хүмүүс байдаг гэж ойлгодог. Тэгэхээр танд энэ өгөгдөл байсан уу аль эсвэл цэвэр хичээл зүтгэлээр сурсан уу?

-Судас барьж оношлоно гэдэг нь мэдрэмжээр олж авдаг зүйл юм билээ. Би 9 сар гаруй хугацаанд хараагүй байсан. Энэ хугацаанд миний гар мэдрэмжтэй болж өвчтэй зовлонтой хүмүүст туслая гэсэн  чин сэтгэлээр энэ мэргэжлээр ажиллах болсон. Монголд уламжлалтын чиглэлээр сургууль төгсөж бас 8, 9 жилийн хугацаанд Солонгос эмчийг даган ажилласан. Судас барихад маш өндөр төвшний мэдрэмжүүд байдаг. Хүний биеийн оношийг уншина гэдэг маш нарийн зүйл. Судас барьж оношилж сурахын тулд 8 жилийн хугацаа зарцуулсан байдаг.

-Энэ мэргэжлээрээ 12 жил ажиллаж байна гэлээ. Анх таныг энэ мэргэжлээр ажиллаж эхлэх үед хүмүүсийн хандлага ямар байсан одоо хэр өөрчлөгдсөн байгаа вэ. Зүү эмчилгээг үр дүнгүй гэсэн хандлагатай хүмүүс ч байдаг?

-Анх зүү тавьж эхлэх үед хүмүүс төдийлөн сайн ойлголтгүй байсан. Зүү тавиулаад гам барьдаг гэсэн асуудал ярьдаг байсан. Ирж байгаа хүмүүсийн хандлага зүү тавиад төдийлөн нэмэр болохгүй байх, зүү тавьсны дараа гам барьдаг гэсэн ойлголттой байсан. Ерөнхийдөө хүмүүсийн хандлага хойрго байсан. Харин одоо хүмүүс зүү эмчилгээг маш сайн ойлгосон.

Хүний бие тэнцвэр алдагдсанаас болж ядардаг. Эд эрхтэн өвчилсөн учраас ядарч бие нь өвдөж эхэлдэг. Зүү эмчилгээ хийлгээд гам барих хэрэггүй. Зүү эмчилгээ цусны эргэлтийг сайжруулах эд эсүүдийг сэргээх, энерги цуглуулж өгөх үүрэгтэй. Нөхөн сэргээх эмчилгээ гэсэн үг. Хүний эд эсийг сэргээж, эрхтнүүдийн алдагдсан тэнцвэрийг тэнцвэржүүлж өгдөг үүрэгтэй.

Зүү эмчилгээг аргаар, төөнүүр эмчилгээг билгээр эмчилдэг. Арга билэг гэж ярьдаг. Төөнүүр нь хүний биеийн усан сувгуудаар дамжин хийгддэг эмчилгээ. Бүх эрхтнүүдийг холбон эмчилдэг.

Зүү эмчилгээ хагалгааны дараах нөхөн сэргээхэд маш үр дүнтэй. Хагалгаанд ороод 14 хоногийн дараа зүү эмчилгээ хийлгэвэл маш хурдан эдгэнэ. Түлэнхийг зүү эмчилгээгээр эмчилбэл хүүхэд 8 хоног, том хүн 14 хоногийн дараа ямар ч шарх сорвигүй эдгэнэ. Даралт ихтэй хүнд зүү эмчилгээ маш сайн.

-Танай эмнэлэгт өдөрт хэдэн хүн ирж үйлчлүүлж байна. Ирж байгаа хүмүүс ихэвчлэн ямар оноштой байна вэ?

-Ихэвчлэн нурууны суулт өгсөн мөн астматай хүмүүс их ирж байна. Нуруу нь суулттай залуучууд өдөрт доод тал нь 6,7 орж ирж байна. Хүүхдүүдийн хувьд харшилтай бронхиттой хүүхдүүд их ирдэг. Харин өндөр настангууд таванм цул мөн тулай өвчтэй хүмүүс бас түрүү булчирхай нь өдвсөн эрэгтэй хүмүүс маш их ирдэг. Өдөрт би ганцаараа 40-50 хүнд ганцаараа үйлчилж байна. Манай эмчилгээ хүний биеийг тэнцвэржүүлэх гэсэн нэртэй эмчилгээ байдаг. Халуун хүйтэн хоёр энерги тэнцэж байж хүний бие эрүүл байна. Хүмүүс энийг ойлгодоггүй. Ажил хийгээд ядраад байна гэж ярьдаг. Хүн ажил хийснээрээ ядардаггүй юм. Тэр хүний нэг эрхтэн өвдлөө гэхэд биений тэнцвэр тэр чигтээ алдагддаг. Энэ тэнцвэрийг олоод эмчилдэг гэсэн үг.   

Монголд эмгүй эмчилгээ хөгжөөд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна

-Тулай өвчнийг хүмүүс эдгэхгүй гэж ярьдаг. Уламжлалтаар энэ өвчин эдгэх магадлал бий юу?

-Эдгэрдэг өвчин. Эрэгтэй хүмүүс голчон хүүхэд байхдаа хоолой нь өвдөөд л хоолойгоо эмчлэхгүй явсаар байгаад хүндэрдэг. Тулай өвчин хөлийн үе хэсгүүдийг халуу дүүгүүлж өвддөг. Хүндрээд гарлуугаа ордог. Энэ өвчнийг эмчилж болдог. Бас сахартай хүмүүс маш их ирдэг. Энэ мэтчилэн өвчиндөө шаналсан янз бүрийн хүмүүс их ирдэг. Одоогоос таван жилийн өмнө ийм их хүн ирж байгаагүй.  Өвчтэй хүмүүс ирдэг байсан ч одоо өвчин нь хүндэрсэн хүмүүс их ирж байна. Сүүлийн үед шулуун гэдэсний шархлаатай хүмүүс их ирж байна. Мөн харвалт маш их залуужсан. 13 настай хүүхэд харваад манай эмнэлэгт эмчилгээнд явж байна.

-Хоёр жилийн өмнө Солонгосын эмч нар манай улсад ирж үзлэг оношилгоо хийсэн. Тэгээд тэр эмч нар монголчуудад үргүйдэл маш өндөр байна. Энийг зүү эмчилгээгээр эмчлэх бүрэн боломжтой гэсэн. Танайх энэ эмчилгээг хийдэг үү?

-30-иас дээш насныханд үргүйдэл маш өндөр байгаа. Идэвхгүй болчихсон гэсэн үг. Идэвхтэй нөхөн сэргээхийн тулд зүү төөнүүр маш их хэрэгтэй. Манай эмнэлэгт энэ эмчилгээг 12 жилийн хугацаанд хийгээд 74 хүүхэд эх барьж авсан. Хүүхэдтэй болохгүй байгаа хосууд хоёулаа эмчилгээнд хамрагддаг. Ингэж байж үр дүн гарна. 1-3 сарын хугацаанд эмчилгээ хийлгэдэг.

-Улсын болон өөр эмнэлэгүүдэд эмчлэх боломжгүй гэсэн оноштой хүмүүс тань дээр ирээд бүрэн эдгэрсэн хэр олон жишээ байгаа вэ. Ганц нэг жишээ дурьдахгүй юу?

-Эдгэрсэн олон хүн байгаа. Н.Нарантуяа гээд 67 настай астамтай хүн ирж байсан. Доод талдаа хоёр нуруу, дээд талдаа нэг нуруу хугархайтай эмнэлгийн талаас ямар ч эмчилгээ байхгүй долоо хоног л амьд байх боломжтой гэсэн оноштой анх ирж байсан. Тэр хүн 1 жил 3 сар манай эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Анх манай эмнэлэгт ирэхдээ хоёр хөлний хаван тулчихсан, яс шиг хатуу болчихсон байсан. Үнэхээр харахад босох найдвар байхгүй юм шиг харагдаж байсан. Зүү тавихад маш хатуу /бөг/ гэж ороод л ус гоожоод байсан. Зүү тавих ямар ч боломж байгаагүй. Тэгээд “долоо хоног төөнүүр тавъя тэгээд үр дүн гарахгүй бол манай эмнэлэгийн зүгээс өөр эмчилгээ байхгүй” гэж хүүхдүүд нь хэлж байсан. Гэтэл тэр эгч 4 хоног төөнүүр хийгээд алхаж чадахгүй орж ирсэн хүн чинь хөл дээрээ босчихсон. 14 хоногийн дараа хөл дээрээ явдаг болсон. Тэгэхээр төөнүүр зүү ямар үр дүнтэй болох нь харагдаж байгаа. Хөгшин хүн ч гэсэн маш хурдан хугацаанд нөхөн сэргээж чадсан.

Саяхан Францын Люксембург хотоос 13 настай хүү ирж эмчилгээ хийлгүүлсэн. 13 жил орондоо шээсэн хүү манай эмнэлэгт 29 хоног эмчилгээ хийлгээд орондоо шээхээ больсон. Намайг төгс эмчлэх эмч, эмнэлэг байна уу гэж олон газраар явсан Монгол хүү манай эмнэлэгт ирээд эмчлэгдээд явсан. Манай эмнэлэгт эмчлүүлсэн хүмүүс санал хүсэлтийн дэвтэрт баярласан сэтгэгдэлээ илэрхийлж бичдэг. 13 настай хүү ч гэсэн санал хүсэлтийн дэвтэрт баярласан сэтгэгдэлээ бичсэн байгаа.

-Хүмүүст тавьж байгаа зүүг хаанаас оруулж ирдэг. Чанарын баталгаа хэр байдаг вэ?

-Таван жилийн өмнөх болон одоо ирж үйлчлүүлж байгаа хүмүүс харилцаа хандлага эрс тэрс өөрчлөгдсөн. Ямар зүү тавьдаг юм гээд л хардсан өнгө аястай байдаг учраас би хүмүүсээр өөрсдөөр нь зүүг нь авхуулдаг. Энэ зүүг хоёр газар л зардаг. Тэр газраас хүмүүс өөрсдөө авчирдаг. Төөнүүрийг нь Солонгосын эмнэлэгээс захиж оруулж ирдэг.

-Сүүлийн үед агаарын бохирдлын улмаас хүүхдүүдийн ханиад томуу их хүндэрч байна. Тэгээд эцэг эхчүүд аргагүй эрхэнд хүчтэй эм тариагаар эмчлүүлдэг. Үүнд эмгүй эмчилгээ хийж болох уу?

-Монголд эмгүй эмчилгээ хөгжөөд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Агаарын бохирдолтой холбоотойгоор хүүхдүүд ханиад нь хүндрэх, хатгаа болох, хатгаанаас болоод бронхит болдог. Үүнд зүү эмчилгээ маш үр дүнтэй. Хүүхдэд зүү тавьдаг юм уу гэж хүмүүс их ярьдаг. Хүүхэд ужиг өвчин байхгүй учраас зүү эмчилгээ хийхэд маш хурдацтай эдгэдэг. Хатгаа маш хурдан эдгэнэ. Яагаад гэвэл сувгаар эмчилдэг учраас уушгины судлаар зүү тавихад маш хурдан эдгэх боломжтой. Янз бүрийн витамин ууснаас зүү эмчилгээ хийлгээч ээ гэж хэлмээр байна. Янз бүрийн эмчилгээ хийлгэхийн оронд төөнүүр хийлгээд үзээч ээ. Төөнүүр тавьснаараа хүний биеийн бүх эд эсийг эрүүл байлгаж өгдөг. Зүү тавиад гам алдана, өвчин тусна гэж ярьдаг. Зүүнээс болж тийм юм хэзээ ч болохгүй. Ямар ч өвчнийг анхан шатан дээр нь аль ч эмнэлэг эмчилж чадна. Хүндэрсэн үед нь хүмүүс их ирж байна. Хэдийгээр их хүндэрсэн ч гэсэн хүнд амин судал гэж байдаг. Амин судалд хүрээгүй бол эдгэдэг. Солонгосын уламжлалт ардын үг байдаг. Төөнүүр хийлгэвэл 100 насална, зүү эмчилгээ хийлгэвэл 1000 насална” гэсэн үг байдаг. Тэгэхээр та байнга эм ууж байснаас нэг ч удаа гэсэн зүү тавиулаад үзээч гэж хэлмээр байна.

Энэ нэг түүх яръя гэж бодож байна. Намайг наймдугаар ангид байхад манай эмээ ходоодны шарх гэдэг өвчнөөр нас барж байсан. Ходоодны шарх нь нарийссаар байгаад улаан хоолойруугаа орсон. Хамгийн сүүлд хоол идэж чадахаа болиод уруул дээр нь нойтон алчуур тавихаас өөр юм хийж чадахгүй болдог юм байна лээ. Хоолны үнэр авч чадахгүй хоёр нүд нь бүлтэгнээд л байдаг байсан. Том биетэй байсан эмээ маань 5 настай хүүхэд шиг л болдог юм байна лээ. Эмээгээ тийм өвчнөөр алдаж байхдаа эмээ өвөөгөө эмчилж чадаагүй ч гэсэн бусдыг эмчилж болох юм байна гэж бодогдож байсан.  Эмээгийнхээ өвчнийг эмчилж чадаагүй ч гэсэн одоо хүмүүсийг эмчилж байна. Манай өвөө болохоор мундаг үзмэр ч бариач н.Чойсүрэн гэдэг хүн байсан. Намайг хүүхэд байхад өвөө хүн аваад л илүү гэррүү аваад орчихдог. Тухайн үед зүү,төөнүүр нуугдмал байсан. Манай өвөө дээр янз бүрийн л өвчтэй хүмүүс ирж эмчлүүлж эдгэж байсан. Тэгэхээр надад бас удам дамжсан зүйл байгаа байх. Зүү эмчилгээ хийдэг хүн маш их сэтгэлтэй байх хэрэгтэй. Зүүг хайнга байдлаар хэзээ ч тавьж болохгүй. Хүнийг хайрладаг, энэ хүн эдгээсэй гэсэн чин сэтгэлээр эмчлэх сэтгэл хэрэгтэй.

Зүү тавьж сурахын тулд дор хаяж 10 жил хэрэгтэй

 -Та өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэчнээн мянган хүнд эмчилгээ хийсэн байгаа вэ?

-2018 онд гэхэд давхардаагүй тоогоор 14 мянган том хүн, 13 мянга гаруй хүүхдэд эмчилгээ хийсэн байна.  

-Жилд 20 гаруй мянган хүн ганцаараа эмчилдэг юм байна. Цаашдаа эмнэлгээ өргөтгөх шинээр хүн авах бодол байгаа юу?

-Хүн сургаж ажлуулахад маш их цаг хугацаа орно. Ганц хоёр бэлдэж байгаа хүн байгаа. Бид нар анх хоёр цаг лекц бусад цаг  дадлагт гардаг байсан. Одоо анагаахын оюутнууд дадлагад гарч байгаа ч гэсэн голчлон онол үзэж байгаа. Зүү тавьж сурахын тулд дор хаяж 10 жил хэрэгтэй. Хүнд сэтгэлтэй, зүтгэлтэй хүнийг л сургахгүй бол одоо цаг үе хэцүү болсон. Цаашдаа эмнэлгээ томруулна гэсэн зорилготой байгаа.

Азийн эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулаад 70 гаруй эмэгтэйгээс намайг шалгарсан гэж хэлсэн

-Таны талаар Япончууд баримтат кино хийж байгаа гэж сонссон. Яаж яваад Япончуудтай холбогдов. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ази эмэгтэйчүүд дотроос намайг сонгоод миний амьдрал, ажлын талаар Япончууд баримтат кино хийж байгаа. Азийн эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулаад 70 гаруй эмэгтэйгээс намайг шалгарсан гэж хэлсэн. Яагаад шалгарсан бэ гэхээр ажлын үзүүлэлт үр дүнгээрээ шалгарсан гэсэн. Хоёр зууны амьдрал үзсэн яаж энэ мэргэжлийг сонгосон, одоо хэрхэн ажиллаж байгааг харуулах түүхэн кино. Энэ мэргэжил маань дэлхийн дахинд танигдана гэсэн үг. Японд хийгдэх Япон хөрөнгө оруулалттай кино. Манай улсаас хоёр эмэгтэй сонгогдсон гэсэн. Олон нийтэд танигдаагүй авьяастнуудыг олон нийтэд танилцуулах зорилготой юм байна лээ. Манай эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн эмчилгээний явц үр дүнгийн талаар долоо хоног болгон зураг авалт бичлэг хийж байгаа. Ямар өвчтэй хүн ирээд з сарын дараа жилийн дараа хэрхэн эдгэрч байгааг анхнаас нь бичээд явж байгаа. Цагаан сараар манай эмнэлэгт эмчилгээ хийлгээд эдгэрсэн хүмүүс хүүхдүүдтэйгээ ирж надтай золгож хүндлэл үзүүлдэг. Бас эдгэрсэн хүмүүс ч гэсэн ирж баярласан сэтгэлээ илэрхийлдэг. Энэ бүх үйл явдал тус кинонд гарна.

-Зураг авалт хэзээ явагдах вэ?

- Кино маань 2020 оны эхний улиралд нээлтээ хийнэ. Япончууд тус киногоор дамжуулаад Европт зүү төөнүүр эмчилгээ болон манай монголын амьдралын талаар болон тэр дундаа монгол эмэгтэйчүүдийг харуулах юм билээ. Миний бага наснаас эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ажил амьдрал бодитоор гарна.

 Ингээд тус эмнэлгийн үйлчлүүлэгчдээс сэтгэгдлийг сонслоо.

Өндөр настан н.Нарантуяа

Би Говь-Алтай аймгийн Бигэр сумаас энэ эмнэлгийг зорьж ирсэн. 4 дүгээр сарын 10-аас  эхлэн зүү тавиулж байгаа. Ё.Лхамдулам эмчид судас бариулахад эмнэлгийн оноштой таарсан. Тус эмнэлэгт ирэхээсээ өмнө толгой өөдөөгөө юмаар оосорлоод татаж байгаа юм шиг их өвддөг өдөр болгон толгойны эм уудаг, нүдний хараа муудаж манан татаад байгаа юм шиг байсан. Зүү тавиулаад 2 хоногийн дараагаас үр дүнгээ өгч эхэлсэн. Нүдний хараа тогтворжоод бие хөнгөрөөд ирсэн. Ер нь зүү тавиулаад бүх өвчин эдгэрдэг юм шиг санагдсан. Эмчилгээний дараа илүү сайхан үр дүн гарах байх.  Одоо өвчин намдаах эм уухаа больсон. Эмчдээ маш их баярлалаа

Өвчтөн Алтанцэцэг

Өнгөрсөн жилийн дөрвөн сард энэ эмчийн талаар хүнээс сонсоод ирсэн. Миний бие ядаргаа ихтэй, зүрх муу, даралт ихтэй харвахад маш ойрхон энэ эмнэлэгт ирсэн. Одоо үргэлжлүүлээд гурван сар эмчилгээнд явж байна. Эмчилгээ хийлгэсэний хүчинд өвдөх өвчингүй биеийн байдал маш сайн болсон. Мөн манай дүү түлэгдээд Ё.Лхамдулам эмч дээр ирж эмчилгээ хийлгэж байсан. Түлэнхий нь шарх сорвигүй маш хурдан эдгэрсэн. Манай гэр бүлийнхэн бүгд ирж эмчлүүлдэг. Хүнд өвчтэй хүмүүс ирээд эдгээд л гараад байгааг өөрийн нүдээр харж байна. Эмчдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.

"НАНДИН ГАР" эмнэлэгтэй холбогдох дугаар: 80780808

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ц.Мөнхсайхан
Идээ бээрнээс зүү тавиулж салах боломжтой юу.
2020/12/08 202.9.40.87
тѳмѳртогтох
олон хүний итгэлийг хүлээсэн үнэхээр мундаг эмч шүү таньдаа цаашдын ажилд тань амжилт хүсье таниараа бахрахдаг шүү хайртай шүү
2019/05/21 66.181.161.96
Улаанаа болон хүү өнөрбуян
Мундаг эмч шүү эмчдээ баярлаж явдаг хүүг минь гое болгож өгсөн ачтан минь гэр бүлд нь аз жаргал хүсье
2019/04/21 66.181.161.6
Bobii
Hunii toloo gesen emegtei az jargal husei
2019/04/21 202.126.89.116
Х. Уугантуяа
Mundag emch shvv. Ajild ni undur amjilt hvsie
2019/04/20 66.181.161.34
Jawhlan
Mundag emch shvv emchdee ajiliin amjilt xvsii
2019/04/20 59.153.112.218
Ynen
Saixan surtalchilgaa,sain Reklam baina.Mash ix mongo olj,bayjij baigaa ni ynen dee
2019/04/20 202.21.108.188