УИХ-ын гишүүн О.Баасанхүүд нэр бүхий иргэдээс С.Зоригийн хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол иржээ. Тус материалд ноцтой гэж болохоор зүйлс байгаа тул О.Баасанхүү гишүүн өөрөө судалж байгаа аж. Энэ талаар тэрбээр “Төр нийгмийн нэрт зүтгэлтний аллагын хэрэг нь төрийн нууцад хамаардаг тул иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг задлалгүй, нухацтай судалж байна. Харин судалж үзсэнийхээ дараа ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргана” гэсэн байна. С.Зориг агсны хэрэг нь өнөөдрийг хүртэл нууцын зэрэглэлтэй байдаг бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор цагдан хоригдож буй иргэдийн талаарх мэдээлэл ч маш хомс байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л С.Зоригийн эхнэр Д.Булганыг цагдан хорьсон бөгөөд гурав сар гаруй хоригдож байгаа түүнийг ар гэрийнхэнтэй нь байтугай өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгаа талаар ээж нь хэвлэлд нэг бус удаа ярьсан юм. Энэ долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Д.Булганы ээж Байгальмаа “ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа” гэх гомдлын дагуу цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд шалгалт хийхээр Төв аймгийн Цагдан хорих төвд ажилласан. Ж.Батзандан энэ талаар “Булганы биеийн байдал харьцангуй гайгүй байна. Хоригдож байгаа байрны нөхцөл байдлын талаар өөрөө ямар нэгэн гомдол байхгүй гэсэн. Харин өмгөөлөгчтэйгөө тогтмол, долоо хоногт дор хаяж нэг удаа уулзах, унших ном, сэтгүүл тогтмол оруулж өгөх хоёр хүсэлт тавьсан. Санаа зовох зүйлгүй. Бүх зүйл шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэж хэлсэн” гэсэн юм. Харин Монголын тагнуулын байгууллага, улстөрчид энэ хэрэгт оролцдог, мөрдөн байцаагчийг байнга сольдог зэрэг нь хэрэг илрэхэд саад болж байгаа гэж Олон улсын парламент хоорондын холбооны Хүний эрхийн хороо өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголд ажиллахдаа үзсэн байдаг. Тэд Нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргах шаардлагатай гэх дүгнэлтэд хүрсэн юм. Мөн С.Зориг агсны ар гэрийнхнийг нь хүртэл шалгах нь зөв гэх зөвлөмж гаргасан байдаг.