Үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаан нь энэ жил 29 дахь удаагаа болох гэж буй бөгөөд улсын аварга, арслан, заан цолтон олноор оролцдог билээ. Жил болгон зохион байгуулдаг уламжлалт барилдааны нэг болох энэхүү барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдарт цолтой 256 бөх уран мэхээ уралдуулан барилдлаа.
Барилдааны их шөвөгт улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд, улсын аварга Н.Батсуурь нар үлдэж, улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв.
Нэмэлт мэдээлэл дуулгахад: Монгол Улсын хэмжээнд “Хүнсний манлай үйлдвэр” хэмээх энэхүү эрхэм хүндтэй алдрыг арав гаруйхан үйлдвэр хүртсэний нэг нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Арвайн Үндэс” монгол үйлдвэр юм.