Авлигатай тэмцэх газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага болоод экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга зэрэг 10-аад хүнийг 4 сарын өмнө цагдан хорьж шалгасан. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган шалгасан билээ. Мөн Э.Аззаяа даргатай тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан билээ. Тэгвэл тус хэргийн шүүх хурал болж МХЕГ-ын дарга нар холбогдох хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр онц их хэмжээний авлига авсан гэсэн мэдээлэл ил болсон авлига албан тушаалын онц ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр хээл хахуул өгсөн гэх 3 хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн 19 хүнийг торгох шийдвэр гаргасан байна.
Харин өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс олон нийтийн анхаарлын төвд байсан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа дэлгэрэнгүй мэдээлэл хийх аж.