12o
Улаанбаатар хот
mobile menu

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос 78 хувиар өсжээ

2019-05-10 16:06:00

Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан “Цагаан тахал” хэмээн нэрлэгддэг Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос 78 хувиар өсч, холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насны хүмүүс эзэлж, энэ гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчиднэлээдгүй өртөж байгаа нь манай нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах хүрээнд Прокурорын байгууллагаас  2019 онд “..Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн прокурорын газраас энэ он гараад Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдсон нийт 63 хүнд холбогдох 43 эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Дээрх хэргүүдийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэр бүхий шүүгдэгч нарыг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “мөс, шавар, өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял шийтгэл оногдуулсан.

Шүүхээр шийдвэрлэгдсэн нийт 63 шүүгдэгчийн 62 хувьд 1-5 жилийн хугацаагаар хорих ял, 36 хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ялыг  хойшлуулсан, харин 1 шүүгдэгчид 19.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Прокурорууд зөвхөн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээс гадна иргэдийг соён гэгээрүүлэх, ялангуяа энэ гэмт хэрэгт ихээр өртөж буй оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг  явуулж байна. Тухайлбал:

Шинжлэх Ухаан техникийн их сургуулийн Барилга архитектурын сургууль, Нийгэм сэтгэл судлал, Соёл Эрдэм, Зохиомж, Аврага зэрэг дээд сургуулиуд, Монгол-Солонгосын политехник коллеж, Шинэ Эрин ахлах сургууль, Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Нийслэлийн 1 дүгээр сургууль, 24 дүгээр сургууль, Монгени цогцолбор сургуульд  “Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр зохион байгуулсан сургалтуудад нийт 800 орчим оюутан, сурагчдыг хамруулсан байна.

Дээрх сургалтаар хар тамхи болон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хэрэглээ, хор хөнөөлийг таслан зогсооход хүн бүрийн сэтгэл зүтгэл, оролцоо чухал байгааг онцолж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, хэрэглэвэл ямар үр дагавар гарах, хуулийн ямар хариуцлага хүлээх, хэрэглэхгүй байхын тулд хувь хүн өөрийгөө хэрхэн хамгаалж, ямар арга хэмжээ авах талаар оюутан, сурагчдын насны онцлог, сэтгэл зүйд тохирсон сургалтуудыг зааж, сургалтын явцад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулах зурагт хуудас, материалыг тараан өгч ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment