8o
Улаанбаатар хот
mobile menu

Цасанд суусан, сураггүй болсон 64 иргэний аюулгүй байдлыг хангажээ

2019-05-13 16:12:44

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар өгсөн юм. 

Цасанд суусан, сураггүй болсон 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд  Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар,  Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тухай мэдээ ирүүлсэн.  Мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллагаас ард, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон багц мессеж үйлчилгээгээр дамжуулан хүргэж ажилласан.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутагт малдаа яваад төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.  Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, 17 нэгж техник хэрэгсэл, орон нутгийн захиргааны байгууллагын 189 хүн, 39 нэгж техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав.

 

Өвөрхангай аймгийн Богд суманд 2 иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3 иргэн, мөн аймгийн Сэврэй суманд 1 иргэн малдаа яваад  шуурганд осгож нас барсан байна.  Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 4 модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж хорогджээ.

 

Мөн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, замын нөхцөл байдал үүссэн учраас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад аймгийн Засаг даргын захирамжаар автозам, замын байгууламжийг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авч ажилласан. Одоогоор орон нутгийн болон олон улсын чанартай хаагдсан зам даваа байхгүй байна.  

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр цаашид  буюу энэ сарын 14,16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,   17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.  Иймд:

 

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Малаа ойрын бэлчээрт хариулах,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Он гарсаар 55 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган,Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 55 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2,4 мянган га ой, 217,2 мянган га хээрийн талбай, нийт 219,6 мянган га талбай түймэрт өртөж шатсан.

Дээрх түймэрт Онцгой байдал,  Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, орон нутгаас нийт 2768 хүн, 355 техник хэрэгсэл, 69 морьтойгоор ажилласан байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн Батширээт сумаасзүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-ын хилээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн түймрийг өнөөдөр буюу 05 дугаар сарын 13-ны өдөр бүрэн унтраагаад байна. Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Онон балжийн тусгай хамгаалалтын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, Цагдаагийн газар, Батширээт, Биндэр сумын иргэдийн нийт  618 хүн, 28 техник хэрэгсэл, 15 морьтойгоор түймрийн голомтод 22 хоног үүрэг гүйцэтгэсэн юм.

Мөн Хөвсгөл, Хэнтий, Булган аймгуудад гарсан түймрийн унтраах хүн хүч хэрэгсэл, шаарлагатай хүнс, хувцас хэрэгсэл хүргэхээр ХЦ-ийн 0303-р ангийн МИ 171Е нисдэг тэргээр 8 удаа нислэг үйлдсэн байна.  

Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй.  Гэхдээ энэ сарын 14-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих,  цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment