Одоогоос хоёр жилийн өмнө таксины жолооч хийдэг таван хүүхэдтэй залуугийн бичлэг сошиал ертөнцөөр тарж, олон хүнд нэгийг бодогдуулж байсан цаг саяхан. Харамсалтай нь ажилч, хичээнгүй залуу өнгөрсөн баасан гаригт бурхны оронд одсон талаархи мэдээлэлийг манай сайт хүргэсэн билээ.
Талийгаачийг өнөөдөр өглөө үүрээр сүүлчийн замд нь үдсэн байна. Түүний хань болон үр хүүхдүүд фэйсбүүк хуудсаараа дамжуулан хайртай аавынхаа араас гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн бол талийгаачийн ажиллаж байсан "Улаанбаатар такси" болон мянга мянган хүмүүс эмгэнэл илэрхийлсээр байна.
Уй гашуу хагацал гуниг тохиолдсон энэ үед “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон нэгэн таатай мэдээлэлийг дуулгалаа. Тодруулбал, “Шинэ Толгойт” төслийн хамт олны зүгээс таван хүүхдийн аав, сайн хань талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэлээ. Эхнэр Д.Амаржаргал та бидэнтэй холбогдоорой” хэмээн фэйсбүүктээ бичжээ.
Энэ талаар бид “Шинэ Толгойт” төслийн менежер Н.Анхболдоос тодруулахад “Энэ гарч байгаа мэдээлэл үнэн. Таван хүүхдийн аав, сайн хань талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдөр өглөө үүрээр талийгаачийг сүүлчийн замд нь үдсэн гэсэн. Тийм учраас одоогоор талийгаачийн ар гэрийнхэн бид нартай холбогдоогүй байна. Тэгж байгаад холбогдох байхаа гэж бодож байна” гэсэн хариултыг өглөө.
Б.Анхтуяа