28o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

2019-05-16 16:31:05

Монгол Улсын хүн ам 2018 оны байдлаар 3.2 саяд хүрсэн. Хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг. Монголчууд цаг хугацааны хувьд эртний үндэстэн боловч хүн амын гуравны нэгээс илүү хувийг хүүхэд эзэлж байгаа тул насны хувьд залуу үндэстэн болоод байна.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, тус арга хэмжээний бэлтгэл ажлын төлөвлөгөө болон бусад асуудлаар хуралдлаа.  Хурлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле удирдаж, зохион байгуулалтын асуудлаар үүрэг, чиглэл өглөө.

Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллаж байна.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

  1. Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн;
  2. Хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах;
  3. “Хүүхдийн хоол, хүнс” өдөрлөг;
  4. Хүүхдийн зуслангуудын өдөрлөг;
  5. Хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр;
  6. Хүүхдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн “Хэрэглэгчийн булан”;
  7. Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ;
  8. Хүүхдэд зориулсан зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан;
  9. “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэг;
  10. Хүүхдүүдийг хүнс, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах;
  11. Холбогдох бусад.

Тус үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын cooperation@mongolchamber.mn, Монголын хүнсчдийн холбооны mfia_ngo@yahoo.com цахим хаягаар тус тус бүртгэж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэгчдэд өгөх боломж:

  1. Үзэсгэлэн худалдаанд оролцогчийн хураамж төлөхгүй;
  2. Үзэсгэлэн худалдааны хугацаанд төв тайзан дээр өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, төрөл бүрийн эвэнт арга хэмжээ зохион байгуулах;
  3. Хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай худалдаа зохион байгуулах;
  4. Дараах номинацид бүтээгдэхүүнийхээ нэр дэвшүүлэх:
    1. “Хүүхдэд зориулав” Гран при;
    2. “Хүүхдэд зориулав” Экспортын шилдэг бүтээгдэхүүн;
    3. “Хүүхдэд зориулав” Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн;
    4. “Хүүхдэд зориулав” Шинэ бүтээгдэхүүн.
  1. Үзэсгэлэн худалдааны хүрээнд зохион байгуулах “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” хэлэлцүүлэгт оролцох.
  2. Үзэсгэлэн худалдааны дараа гарах “Хүүхдэд зориулав” бүтээгдэхүүний каталогид нэрийн бүтээгдэхүүнээ оруулах /үнэ төлбөргүй/.

Жич: Үзэсгэлэн худалдаанд зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. Талбайн хуваарилалтыг үйл ажиллагааны чиглэлийг харгалзан Зохион байгуулагч хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment