8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэрэлж-Горхи, Налайх-Чойр чиглэлийн замын зургаан цэгт "товруут тэмдэглэл" байрлуулах хэрэгтэй гэв

2019-05-17 11:33:21

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва Тээврийн цагдаагийн албаныхантай уулзаж, зам тээврийн ослын улмаас учирч буй хохирлыг бууруулж, хөдөлгөөний хяналтыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг нийслэлд 223 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн статистикаас 13.2 дахин өссөн үзүүлэлт аж. Үүний улмаас 25 хүн нас барж, 200 хүн гэмтсэн байна. Нас барсан, гэмтсэн хүний тоо өнгөрсөн оныхоос мөн л өссөн үзүүлэлттэй байгаа аж. Үүний шалтгаан нөхцөл нь замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдөхгүй байгаатай холбоотой. Өнгөрсөн хугацаанд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан анхааруулж, иргэдийн амь, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр цөөнгүй ажил хийсэн байдаг. Тухайлбал, авто замын тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх, хөдөлгөөний хэв журмыг сахиулах, камерын хяналтыг сайжруулах гэж мэт олон ажил бий.

Гэвч тус байгууллагын тоног төхөөрөмж шаардлага хангахгүй, тухайлбал, хяналтын камеруудыг засахаас авахуулаад цөөнгүй бэрхшээл байгааг Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан хэлсэн юм. Тиймээс уулзалтын үеэр цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг танилцууллаа.

Заримаас нь дурдвал замын хөдөлгөөний удирдлагын төвийн автомашины дугаар болон зөрчил илрүүлэх төхөөрөмжний 70 орчим хувь нь ажиллахгүй байгаа аж. Тухайн камеруудын технологи хоцрогдсон, сэлбэгийн олдоц тааруу, үйлдвэрлэхээ больсон тул хэвийн ажиллагаанд оруулах боломжгүй гэнэ. Тиймээс эдгээрийг шинэчлэх шаардлага байгааг хэлэв. Ингэхдээ бэлэн бусаар ногдуулсан торгуулийн төлөлтийг төрийн үйлчилгээний системд холбох хэрэгтэйг ч хэллээ.

Хот хооронд гарч буй зам тээврийн ослын зонхилох шалтгаан нь хурд хэтрүүлэх явдал. Багануур, Налайх дүүрэг чиглэлийн авто замд хурд хэтрүүлсэн осол олон гардаг тул шалган нэвтрүүлэх цэгт хурд хэмжигч лазер төхөөрөмж суурилуулах шаардлага гэнэ. Мөн Тэрэлж-Горхи, Налайх-Чойр чиглэлийн замын зургаан цэгт "товруут тэмдэглэл" байрлуулах хэрэгтэй гэв. Энэ мэтээр тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулахын зэрэгцээ тээврийн хэрэгсэлд хар хайрцаг суурилуулж, сургуулиудыг сурагчийн автобустай болгох зайлшгүй шаардлага байгааг ч хэлсэн.

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва тус албаны техник хэрэгслийг сайжруулах, шинэ технологи, арга хэмжээ хэрэгжүүлэхэд бүх талаар хамтарч ажиллахаа уулзалтын үеэр хэлсэн. Тухайлбал, бусаар ногдуулсан торгуулийн төлөлтийг төрийн үйлчилгээний системд холбох зэргийг эхний ээлжин шийдвэрлэж болно гэсэн юм. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зарим арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бий, эсэхийг судалж, нийслэлийн ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдаанд санал оруулна гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл