24o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж, иргэн байхгүй байна

2019-05-23 13:00:00

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, Өргөдлийн байнгын хороотой хамтарсан хуралдаанаар “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг сонсов.

 Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 131 аж ахуйн нэгж, байгууллага  түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Хууль мөрдөгдөж эхэлснээс хойш нийслэлийн Засаг дарга нийт 83 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сард 95  тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн нутагт дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 73, хайгуулын 67 тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэдгийг дурдсан. 

    Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгосноос хойш газрын хэвлий ашиглаж эхлээгүй зэрэг гурван үндэслэлээр 95 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хүчингүй болсон 95 тусгай зөвшөөрлөөс өнөөдрийн байдлаар 71 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан аж ахуйн нэгж, байгууллагууд Нийслэлийн Засаг дарын захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс болон нэхэмжлэгч нараас удаа дараа эвлэрэх санал тавьсныг харгалзан Нийслэлийн Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагуудтай эвлэрлийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг сэргээж, олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг онцолсон. 

Түүнчлэн ойжуулалт, усны хамгаалалт, газрын нөхөн сэргээлийн талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар дурдав. Тухайлбал, 2017, 2018 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаа хороо Туул голын сав дагуу 15 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг нийслэлийн төсвөөр гүйцэтгүүлсэн. Мөн Туул гол болон түүний цутгадаг гол, булаг, шандны уснаас 60 дээж авч шинжилгээ хийлгэсний зэрэгцээ голын урсацын хэвийн хэмжээг хадгалах зорилгоор 2016 оноос  онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргах, цооног өрөмдөх 75 хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/836, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2018 оны тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийж байгаа аж. 

Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

  

Уг мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Туул голын сав дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийсэн эсэх, жилд хэдий хэрийн элс, хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох шаардлагатай байгаа талаар судалгаа бий эсэхийг илүүтэй лавлаж байлаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хариултдаа Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж, иргэн байхгүйг онцлохын зэрэгцээ тусгай зөвшөөрөл олгосон дарга, хариуцсан албан тушаалтан, ашигласан аж ахуйн нэгж, иргэн бүгд хариуцлага хүлээдэг, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулсан тогтолцоо руу орох шаардлагатай байна гэж байлаа. Мөн тэрбээр, барилга байгууламж, бүтээн байгуулалтад түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ 2019 оны байдлаар 1 сая 240 мянган тонн  шаардлагатай байна гэсэн судалгаа байгаа бөгөөд үүнийг 2014 онтой харьцуулахад энэ  тоо 5 дахин өссөн байна.  Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, нөхөн сэргээлтийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгааг хариултдаа онцолсон.

Харин Ажлын хэсгийн зүгээс эвлэрлийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа. Эвлэрлийн гэрээнд аж ахуйн нэгжүүд найман сарын хугацаанд 13-15 шаардлага биелүүлж байж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тусгасан боловч, эдгээр 35 аж ахуйн нэгжээс нэг нь ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн юм. 

Ингээд мэдээлэлтэй холбогдуулж гишүүд  санал хэлж, байр сууриа илэрхийлэх үед техникийн саатал гарсан тул мэдээллийг түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment