8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхонгор аймгийг элэгний эмгэггүй аймаг болгоход туслахыг хүсэв

2019-05-24 10:11:48

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бен Кемаркийг хүлээн авч уулзлаа.

“Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр Архангай аймгийн элэгний С вирустэй хүмүүсийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

Тус аймгийн 44,000 иргэнийг 2 үе шаттай үзлэг, шинжилгээнд хамруулснаас 2,100 хүн эмгэгтэй гарсныг бүрэн эмчилснээр Архангай улсдаа анх удаа элэгний эмгэггүй аймаг болсон юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн монгол хүнийг хавдрын өвчлөлөөс сэргийлж, С вирустэй хүмүүсийг эмчлэн эрүүлжүүлэх буянтай үйлс хэрэгжүүлсэнд нь талархал илэрхийлэв. 

Ноён Бен Кемарк “Архангай аймагт элэгний эмгэгийг оношлон илрүүлэх, С вирустэй иргэдийг “Харвони” эмээр эмчлэх төсөл маань амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ ажил Ази, Номхон далайн бүс нутагт үлгэр жишээ болохуйц үр дүнтэй болсныг олон улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байгаа. Бид ийм хөтөлбөрийг дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байсан. Гэхдээ Архангайнх шиг ийм сайн үр дүнд хүрсэн нь үгүй. Тиймээс Архангайд хэрэгжүүлсэн туршлагыг Монгол даяар, дэлхийн бусад улс оронд түгээн сурталчлах нь чухал гэж үзэж байна.

Архангайд хэрэгжүүлсэн хөтөлбөр Монгол Улсын хэмжээнд иргэдээ элэгний эмгэггүй болгох эмчилгээний загвар болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Тэрбээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалж дэмжиж, чин сэтгэл, зүтгэл гарган хамтарч ажилласан аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлсэн юм   

УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн иргэлийг үзлэг шинжилгээнд хамруулж, элэгний С вирустэй иргэдийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх төслөө улсын хэмжээнд үргэлжлүүлэх, хөтөлбөрийг нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн Архангайтай хил залгаа Баянхонгор аймгийг элэгний эмгэггүй аймаг болгоход туслахыг хүсэв.

Ноён Бен Кемарк “Бид энэхүү хөтөлбөрөө 1-2 аймагт, эсвэл нийслэлийн дүүргүүдэд үргэлжлүүлэх бодолтой байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн яамныхантай зөвлөлдөнө. Ер нь нэг газраа төвлөрч ажиллах нь илүү үр дүнтэй болохыг Архангайн туршлага харуулсан. Бид монгол хүмүүсийг элэгний эмгэггүй болгох үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хичээж ажиллах болно” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол талаас шаардагдах санхүүжилтийг хойшлуулалгүй шийдэх, эрүүл мэндийн даатгалыг зөв ашиглах зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав.

Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, 21 аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд хепатитийн вирусийн халдварыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго тавьсан билээ. 

 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment