8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх сарын цаг агаарын мэдээ

2019-05-28 14:26:00

 

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0оС-ээс бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харьяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаарх мэдээллийг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газарт 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаарх мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Уpьдчилсан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтэст хаяглан ирүүлнэ.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

6 дугаар сарын агаарын дундаж температур уур амьсгалын дунджаар Ховдын зүүн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 градус, Баян-Өлгийн баруун, Говь-Алтайн баруун өмнөд ба зүүн хойд, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 10-14 градус, бусад нутгаар 15-19 градус дулаан байдаг боловч зарим жил энэ утгаас нэлээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдийн байдлаар 2003 онд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2004 онд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 2000-2002, 2007, 2010, 2011,2017 онд ихэнх нутгаар 1-3 градусаар дулаан болж, 2007, 2017 онд үнэмлэхүй их температур уулархаг нутгаар 26-30 градус, Алтайн өвөр, өмнөд болон Дорнод говь, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын талаар 38-41 градус хүрч халж байсан бол 1983-85, 1987-1990, 1996 онд ихэнх нутгаар, 1998 онд нутгийн зүүн хагаст уур амьсгалын дунджаас 1-3 градусаар хүйтэрч үнэмлэхүй бага температур уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүрч цочир хүйтэрч байв.

Энэ сард уур амьсгалын дунджаар Их нууруудын хотгор, говийн ихэнх нутгаар 9-29 мм, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр 50-70 мм, бусад нутгаар 30-69 мм бороо ордог/2 дугаар зураг/ боловч 1984, 2004 онд говийн аймгуудын нутгаар, 2008 онд нутгийн зүүн хагаст,1994,2011,2014,2015,2016 онд нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 1981, 1995, 1998, 2005, 2007, 2017 онд дунджаас харьцангуй бага бороо орсон байна.

Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхины хурд 15 м/с-ээс их ажиглагдах тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 7-9 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурдаас дурьдвал, 1991 онд говийн аймгуудын нутгаар, 1995 онд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр түр зуур 28-36 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурч байжээ.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Бaруун аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна(3 дугаар зураг).

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Энэ сард Баян-Өлгийн өмнөд, Увсын зүүн, Говь-Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо орох төлөвтэй(4 дүгээр зурaг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 градус дулаан байх бөгөөд Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,5-1.0 градусаар дулаан байна(5 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Энэ сард Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй(6 дүгээр зурaг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна(7 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёр ба

гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Энэ сард Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй(8 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба эцсээр зарим газраар бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан буюу Дундговь, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна(9 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй(10 дүгээр зурaг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи түр зуур ширүүснэ. Ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, сүүлчээр дуу цахилгааны үеэр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
"Байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаарх мэдээллийг 326606, 326609 утсаар, Урьдчилан мэдээлэх хэлтэст хаяглан ирүүлнэ үү" мэдээлэл технологи хөгжсөн XXI зуунд ийм байж болохгүй ээ.
2019/05/27 122.201.26.172
  • Recent
  • Most Read
  • Most Comment