8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр 92 дугаар байрт жагсаж байна

2019-05-27 15:10:25

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх Олон Улсын Парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх Олон улсын Парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож байгаа эрхэм хүндэт хатагтай, ноёд, зочид төлөөлөгчид Та бүхний амрыг эрэн мэндчилье.

Монгол Улсын Их Хурлаас 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан гаргаж, хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь нэг талаар дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдаж байгаагийн хамт, нөгөө талаар Монгол Улсын 2030 он хүртэлх урт хугацааны хөгжлийн зорилтыг тодорхойлсон баримт бичиг юм.

Монгол Улс энэхүү урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, салбарын бодлого, хөтөлбөрүүд болон жил бүрийн улсын төсвийн төсөлдөө тусган, салбар тус бүрийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж ирлээ.

Энэхүү зорилтыг батлан мөрдөж эхэлснээс хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой ахиц амжилтууд гарч байна. Монгол Улс олон улсын түвшинд хүний хөгжлийн үзүүлэлтээр 2015 онд 103 дугаар байрт жагсаж байсан бол 2018 оны байдлаар 92 дугаар байрт жагсаж байна.

Мөн олон улсын түвшинд хүний хөгжлийг илэрхийлдэг өөр нэг үзүүлэлт болох нийгмийн ахиц амжилтыг илэрхийлдэг багц үзүүлэлтээр 89 дүгээр байрнаас 82 дугаар байрт орж, тодорхой ахиц амжилтууд гарч байна.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын хувьд тулгамдаж байгаа бүлэг асуудал бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, агаар орчны бохирдлыг бууруулах асуудал болж байна.

Хүн ардынхаа эрүүл амьдрах орчин нөхцөлийг хангахын тулд “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргаж, нийслэл хотдоо түүхий нүүрс түлэхийг хориглох зэрэг эрс шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд ирэх намрын халаалтын улирлаас эхлэн нийслэл хотын агаар, орчны бохирдлыг аажмаар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын байгууллага болон биологийн төрөл зүйл, экосистемийн асуудлаарх шинжлэх ухааны бодлогын хүрээлэнгээс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчин, биологийн төрөл зүйлүүдэд гарч болзошгүй цаашдын өөрчлөлтийн талаар өргөн хүрээтэй гүнзгий судалгаа хийж, тайлангаа саяхан боловсруулан гаргасан билээ.

Энэхүү судалгааны үр дүн, тайлан боловсруулагчдаас улс орнуудын Засгийн газар, бодлого боловсруулагчдад хандан гаргасан зөвлөмж нь цаашид Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх явцад байгаль орчин, уур амьсгалын хувьд улс орнуудын өмнө ямар шинэ шинэ өөрчлөлт, бэрхшээлүүд тулгамдаж болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлон гаргасан байна.

Иймээс бид цаашид Тогтвортой хөгжлийн холбогдох зорилтуудыг хэрэгжүүлэх явцдаа олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын боловсруулан гаргаж байгаа үнэ цэнтэй судалгаа, шинжилгээний ажлууд, тэдгээрийн үр дүнг зайлшгүй харгалзан үзэж, судалгааны үр дүнд гарч байгаа зөвлөмжүүдийг бодлого боловсруулах, шийдвэр гаргах явцдаа харгалзан үздэг байх шаардлагатай гэж үзэж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх Олон улсын Парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн зөвлөгөөнд оролцогчид Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
hvrelsvhee ajilaa hj chadahgui bol ogtsoroo mahnii vne benzinii vne uschluu
2019/05/28 59.153.85.109
Иргэн
Шуналын дэвүүдээр дүүрсэн засаг төртэй , авилгад идэгдсэн, улс төрчид нь цөм хулгайчууд болсон Монгол улс удахгүй хамгийн сүүл мушгих байхаа
2019/05/27 103.26.194.173