8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ зун тохиолдож болзошгүй байгалийн аюулт үзэгдлүүд

2019-06-11 09:21:37

 

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ОХУ, БНХАУ болон Монголын цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан таамаглал, АНУ-ын NOAA, NASA болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын мэдээ, болон бусад холбогдох статистик мэдээлэлд үндэслэн Монгол оронд 2019 оны зуны улиралд тохиолдож болзошгүй байгалийн гаралтай аюулт үзэгдлийн таамаглалыг гаргасан байна. 

Таамаглалын үр дүнд 2019 оны 1, 2 дугаар улиралд байгаль, цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан гарч болзошгүй аюулт үзэгдэл, ослын талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.

  1.  Монгол оронд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын мэдээний давтамжаас харахад зуны улиралд олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох төлөв ажиглагдаж байна. Иймд зуны улиралд хүчтэй аадар бороо, агаарын температурын өөрчлөлтийн нөлөөллөөс хамаарч ялангуяа 7-9 дүгээр саруудад том хэмжээтэй мөндөр буух, үер болох магадлал өндөр байгааг малчид, тариаланчдад анхааруулж, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг цаг алдалгүй дамжуулах,
  2. Өнгөрсөн өвлийн  цасан бүрхэвчийн зургийг Монгол орны ой, хээрийн түймрийн аюулын зэргийн зурагтай харьцуулан үзэхэд ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгуудад цасан бүрхэвч бага байна. Иймд тус аймгуудын засаг захиргаа онцгойлон анхаарал, сэрэмжтэй ажиллах чухал бөгөөд 5, 6 дугаар сард ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байхыг анхаарах,
  3. Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн оролцоотой АНУ-ын Цаг уурын урьдчилан таамаглах төвөөс гаргасан мэдээнд 2018 онд сүүлийн 40 жилд хамгийн халуун жил байсан төдийгүй 2019 онд Эль-Ниногийн нөлөөгөөр дахин давтагдах магадлал өндөр байгаа нь хэт хуурайшилт, түр зуурын усархаг борооны улмаас үерийн аюул төв суурин газарт ихээхэн хохирол учруулж болзошгүй байна.
    Монгол оронд Эль-Ниногийн нөлөөгөөр 1997-1998, 2002-2003, 2005-2006, 2010-2011, 2015-2016 онуудад тохиолдсон байгалийн аюулт үзэгдлийн тоо давтамж өссөн байдаг бөгөөд статистикийн мэдээнд үндэслэн шугаман регрессийн тэгшитгэлээр тооцоход 2019-2020 онд дахин давтагдах магадлал өндөр байгаа нь харагдаж байна.Тухайн жилүүдэд хүчтэй салхи, аадар бороо, мөндөр, ган, үер, хэт халалтын нөлөөгөөр үүссэн аюулт үзэгдэл, ослын тоо давтамж ихэссэнийг анхаарч урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх,
  4. Эль-Ниногийн идэвхжлийн жилд царцаа, нисдэг шоргоолжны нүүдэл, үлийн цагаан оготоны тоо эрс өсөх, шавьж, мэрэгчдээр дамжсан мал амьтны халдварт өвчний дэгдэлт ихэсдэг нь ОХУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоогдсон байдаг тул энэ асуудалд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах,
  5. ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн хэсгийн дэлхийн гадаргуун цардасын хүрээлэнгийн судалгаагаар Байгаль нуурын хойд хэсэг, Баргузин, Курумканск, Кабанс орчимд газар хөдлөлтийн идэвхжил сүүлийн 5 жилийн байдлаар огцом өсөж байгаатул тухайн бүс, орон нутагт тодорхой хэмжээний хохирол учирч болзошгүйг анхаарах хэрэгтэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл