8o
Улаанбаатар хот
mobile menu

"Газрын тосны үйлдвэрийн цахилгааны дэд станцыг долоодугаар, авто замыг есдүгээр сард хүлээлгэж өгнө"

2019-06-12 09:40:00

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.

Төмөр замын ажлыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үндсэнд нь дуусгасан бол автозамын ажил 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг”  компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр, Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Төмөр зам, автозамаас гадна цахилгаан хангамжийн 110 КВ-ын дамжуулах агаарын шугам, дэд станцыг долоодугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ.

 

Элчин сайд Мохиндер Пратап Сингх “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл товлосон цаг хугацаандаа амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэл төрлөө. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд  чухал байр суурь эзлэх энэ төслийг  бүх талаар дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Богино хугацаанд ийм их ажил амжуулсныг нүдээр хараагүй бол итгэхгүй байлаа. Манай улсын хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаад талархаж байна” гэв.

Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугамын ажилд орон нутгийн иргэд ч оролцож байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд бетон зуурмаг, цемент, хайрга, бусад материал, ажилчдын хоол хүнс, бараа зэргийг нийлүүлж хувь нэмрээ оруулж байна.

 

Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах хүмүүсийг орон нутгийн МСҮТ-д  сургаж бэлтгэх, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх нийт хүний 30 хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэхээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй тохиролцсон тухай Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлэв.  

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт юм.

 

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж 1.2 тэрбум ам.долларын импортыг орлох, стратегийн ач холбогдолтой үйлдвэр учир Монгол Улсын Засгийн газар ч онцгой анхаарал хандуулж байна. Үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн.

Хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nam bus irgen
Sain bna. Saihan bna.
2019/06/12 66.181.183.81
  • Recent
  • Most Read
  • Most Comment