8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

2019-06-13 10:41:38

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа юм.

НЭЭЛТИЙН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Монгол-Киргизийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж бидний өмнө нээлттэй байна. Энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгоход, нэн ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж, гүүр болон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Элчин сайдын яамаа нээхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон бусад холбогдох дэмжлэг үзүүлсэн Киргиз анд, нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын хамтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны хаяг, самбарыг байрлууллаа.

Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байв. Ийнхүү Элчин сайдын яам болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл