"Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан АТГ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авсан байна. Энэ талаар З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа шууд бичлэг хийлээ. Тодруулбал, Тэрбээр "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна. УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу, эрх мэдлээ хэтрүүлсэн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш шүү. Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг УИХ гаргах ёстой байсан. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ.
З.Энхболд: Ч.Сайханбилэг УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ
2019-06-26 11:10:00