8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг ЭЗБХ дэмжив

2019-07-04 09:35:14

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт Д.Лүндээжанцан гишүүнээс гадна дэд ажлын хэсгийн гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар оролцов. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарын асуултад төсөл санаачлагчид болон дэд ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Үндсэн хуульд эдийн засгийн хөгжлийн талаар төрийн бодлого, зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан төсөлд улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, зохион байгуулалтын зарчмыг тусгасан ч хотын доторх засаг, захиргааны нэгжийн зохицуулалт тодорхойгүй байгааг лавлалаа. 

Төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа, Үндсэн хуульд хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого гэж огт байдаггүй. Иймд бид төслийн 25.1.7-д Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого гэдэг агуулгыг оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан бүтцийг бий болгохоор томьёолол дээр нь ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлон ямар нэг Засгийн газар, улс төрөөс үл хамааран УИХ-аар батлуулдаг бүтэцтэй байх шаардлагатай байна гэдгийг онцлов. 

Төсөлд улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж тусгасан. Энэ асуудлыг ажлын хэсэг дээр дахин ярилцаж, томьёоллыг нь тодорхой болгохоор ажиллаж байна. Ер нь хот шинээр байгуулбал засаг захиргаа нь хороонд нь хуваагдана. Орхон, Дархан-Уул аймгаар жишээ авахад залгаа сумд нь хотдоо харьяалагдаад хороо болно, эсвэл хажуугийнхаа аймагтаа харьяалагдаад сум болно хэмээн ажлын дэд хэсгийн гишүүн Ц.Товуусүрэн тайлбарлав.  

 Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан найман гишүүнээс зарчмын зөрүүтэй зургаан санал гаргасан тул томьёолол бүрээр санал хураалт явууллаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар төслийн 1.1-т “Нам иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж” гэсний дараа “улс орны нийтлэг эрх ашиг үндэсний аюулгүй байдлыг дээдлэн Үндсэн хуулийн хүрээнд” гэж,

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслийн 21.4-т “хуулиар тогтооно” гэсний дараа “нам, иргэн бие даан нэр дэвшүүлж болно” гэж үг нэмэх  санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа нар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжлийн урт болон дунд хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой, залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагатай байна” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтов. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл