-1o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хот агаар чийгшүүлэх болон авто зам угаах машинтай боллоо

2019-07-10 15:33:00

Агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг өнөөдөр Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө. 

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техникийг хүлээлгэн өгсөн

ЭНЭ ЖИЛ ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА

 

нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд нийслэлээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Хот тохижилтын газарт өмнө нь бид гудамж талбайг цэвэрлэх шүүрдэх үйлчилгээтэй бага оврын төхөөрөмжүүдийг  өгсөн. Энэ нь зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлсэн. 

Нийслэл хот агаар, орчны бохирдол, тоосжилт, хуурайшилт ихтэй байдаг. Хавар, зуны тоосжилт ихтэй, хуурай улиралд зам талбайг усалж, орчин тойрны агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын автомашин таван ширхэгийг авахаар төлөвлөсөн.

Наадмаас өмнө хоёр автомашин ирснийг өнөөдөр Хот тохижилтын байгууллагад шилжүүлэн өгч байна. Эдгээр төхөөрөмжүүд нь замын хөдөлгөөнд оролцонгоо зам цэвэрлэдэг төдийгүй ойр орчмынхоо агаарыг чийгшүүлдэг давуу талтай. Өнөөдрөөс үйлчилгээнд гарч ажиллаж эхэлнэ. 

Энэ жил Хот тохижилтын газрын үйл ажиллагааг дэмжихээр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Сүүлийн жилүүдэд хот тохижилтын газарт хэдхэн шүүр, хүрзнээс өөр дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй ирсэн.

Халуунд халж, хүйтэнд даарч өвөл зунгүй гудамж талбайд ажилладаг ТҮК-ийн ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх тал дээр цаашид ч анхаарна” гэв.

АЖИЛЧДЫН ХӨДӨЛМӨРИЙГ ЭРС ХӨНГӨВЧИЛЖ БАЙНА

 

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Цэвэрлэгээ үйлчилгээний 20 төхөөрөмжийг Хот тохижилтын газар үйлчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж байна. Техник, технологийн дэвшилийг хот анх удаа нэвтрүүлсэн нь ажилчдын хөдөлмөрийг эрс хөнгөвчилж байна.

Өнөөдрийн хүлээн авч байгаа олон үйлдэл машин нь агаар чийгшүүлэх, зам талбайг өндөр даралтаар шүршиж угаах, усалгаа хийдэг. Эдгээр авто механизмууд хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд ажиллаж эхэллээ” гэв.

 

 

Уг машин нь найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх зэрэг олон үйлдэлтэй аж.

Хот тохижилтын газраас цахим тендер зарласны дагуу шалгарсан компани нь нийт таван чийгшүүлэгч машин нийлүүлэх байснаас эхний удаад хоёрыг нь хүлээлгэн өгч байгаа бол наадмын дараа үлдсэн гурвыг нь хүлээлгэн өгөх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment