АТГ-аас сар бүр үйл ажиллагааны тайлан мэдээг танилцуулдаг. Энэ удаагийн хурлаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулсан хоёр бичлэгийг дэлгэлээ. Ингээд АТГ-аас хийсэн мэдээллээс онцлох хэргүүдийн талаар мэдээлэл хүргэе.
Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг АТГ 2017 онды аравдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Түүнийг "нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн" гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар 2016 оны тавдугаар сард яллагдагчаар татжээ.
Гэвч Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасны үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр Олон улсын ачаа, тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан нь тогтоогдсон аж. Тэрбээр "Эрдэнэс тээвэр" ХХК-ийн ачааны машинуудад тусгай зөвшөөрөл олгох замаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд тус компаниас 57,500,000 төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ. АТГ-ын мөрдөгчид түүний албан өрөөнд шалгалт хийх үеэр 25 сая төгрөгийг илрүүлсэн байна.
АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ.
Мөн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох хэрэгт тухайн хэргийг шалгах явцад нийт гэр болон орон байр, албан өрөө зэргээс нь хахуульд авсан нийтдээ 1 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан байгаа. Тус хэргийг баримтжуулсан бичлэгийг АТГ-аас ил болгов.
Гэрээс нь 230 сая 800 мянган төгрөг, 152 мянга 177 доллар, 70 мянган юанийг бэлнээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авсан байгаа.