8o
Улаанбаатар хот
mobile menu

Ази, Номхон далайн бүсийн IV конгресcт 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-07-02 11:00:00

  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс эхэллээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  1978 онд "2000 он гэхэд бүх нийтээрээ эрүүл байх” Алма-Атыгийн тунхаглалыг гарсан бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хязгаарлагдмал байгааг харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг хамт олны санаачлагаар дамжуулан сайжруулахад чиглэсэн Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар танилцуулсан юм. Үүнээс хойш 30 гаруй жил дэлхийн 90 гаруй оронд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хэрэгжүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам нь Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага гэдгийг НҮБ-аас цохон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого, эрх зүйн орчноо сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх олон арга хэмжээг авч байгаа юм.

            Ази, Номхон далайн  бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг. Анхдугаар хурал 2008 онд "Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлье” уриатайгаар Тайланд улсад болж 53 орны 650 гаруй төлөөлөл оролцсон бол хоёрдугаар хурлыг 2011 онд Филиппин улсад "Хүн бүрийг хамт олонтой болгоно" сэдвийн дор зохион байгуулахад 32 орны 550 гаруй хүн оролцжээ. Гуравдугаар хурал Японы Токио хотноо 2015 онд  "Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд"  сэдвийн дор болж 500 гаруй төлөөлөгч хуран чуулсан байна. Манай улсад долдугаар сарын 2-3-нд болох IV  конгрессыг "Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь”  сэдвээр зохион байгуулагдаж байна. 

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд 43 орноос 600 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан байх юм.

Энэ чуулганд нийтдээ 600 гаруй төлөөлөгч оролцохоор урьдчилсан байдлаар бүртгүүлсний 200 орчим нь гадаадын төлөөлөгч байх бөгөөд нийт оролцогчийн  40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь тэд тулгамдаж буй асуудлаа бүс нутгийн хэмжээнд ярилцаж, нэг нэгнээсээ сайн туршлагыг нь судалж, улс орондоо хэрэгжүүлэх боломж хэмээн үзэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл