Нийслэлийн цагдаагийн газрын “Эргүүл” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 8 морьт, 9 нохойт, 12 дугуйт, 2 завьт эргүүл ажиллаж байна.
Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран Туул голын эрэг дагуу, Тэрэлжийн гүүр – Гачуурт, Гачуурт – Био гэсэн хоёр чиглэлд завьт эргүүл ажиллаж байгаа юм. Завьт эргүүлийг шаардлагатай үед тусламж үзүүлэх том оврын УАЗ 469 машин дагалдан явдаг бөгөөд 48 иргэнийг уснаас аварчээ.
Мөн автомашинаар хүрч очиход хүндрэлтэй, Туул голын ай сав зэрэг газруудад нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг морьт эргүүл гүйцэтгэдэг. Харин нохойт эргүүл томоохон зах, худалдааны төв, соёл амралтын хүрээлэн зэрэг иргэд олноор цуглардаг газар хэв журмыг сахиулдаг бол дугуйт эргүүл замын түгжрэлд цаг алдалгүй иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх үүрэгтэй.