8o
Улаанбаатар хот
mobile menu

Жонан Ханчэн Гэгээнтэн төрөлх Өмнөдэлгэр нутагтаа заларлаа

2019-08-14 14:46:00

 

 

Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутгийн, тэр дундаа эртний түүх, ерөөлт Өмнөдэлгэр сумын уугуул Жонан Ханчэн Гэгээнтэн намрын тэргүүн сарын шинийн найман, есний өдрүүдэд төрөлх нутгийнхныхаа заллагаар нутагтаа морилж, сүсэгтэн олонд номын айлдвар айлтгахын зэрэгцээ Ар Халхын Утай Гүмбэм хэмээн алдаршсан Балдан Брайвун хийдийн Маанийн бүтээлийн хуралд оролцлоо.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Д.Энхзул, ЗХЖШ-ын тасгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, залуу аварга Э.Оюунболд, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунбаатар, “Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнай, “Хүслийн өнгө” компанийн захирал О.Мөнхчулуун, “Gold tod” ХХК-ийн захирал О.Мөнх-Эрдэнэ, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Баярсайхан, Т.Баярбаатар, Ц.Отгонбаатар нарын тэргүүлэгчтэй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, тус сумын Засаг даргын Тамгын газар хамтран Гэгээнтэнийг төрөлх суманд нь залсан юм.   

Arslan.mn

Жонан Ханчэн Гэгээнтэн: Амьтанд хорлолтой үйл хийгээд түүний үр дагаварт нь жаргал амсахгүй

Гэгээнтэнг нутагт нь залах заллагыг энэ жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн идэр залуу аварга Э.Оюунболд айлтгаж, аяны дөрөө харшуулан төрөлх сумаа зорьсон юм.

Arslan.mn

Тэрбээр эх нутгаа зорих замдаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сумын Засаг дарга, ЗДТГ-ынхан угтан авч, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Гэгээнтэн сүсэгтэн олонд адис хүртээж, бурхны шашны мөн чанар, зөв хүн байж, зөв амьдрахыг Буддын гүн ухаанд хэрхэн сургасныг тайлбарлаж явав.

Arslan.mn

Улмаар Өмнөдэлгэр сумандаа хүрэлцэн очиход тус сумаас төрсөн цагийг эзэлсэн их аварга, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, ИТХ-ын дарга А.Даваадорж, хүний Гавьяат эмч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Жавзанрагчаа, Гавьяат багш Ж.Төмөрмуна, Д.Бүрэнхишиг тэргүүтэй нутгийн түмэн олон хурайлан угтлаа.

Arslan.mn

Анх удаа албан ёсоор нутагтаа заларч байгаа Гэгээнтэнг тусгайлан бэлтгэсэн сэнтийд нь ёслол төгөлдөр залсны дараа  тэрээр “Дуудахад чих нэгтэй, дугтрахад хүч нэгтэй Хан Хэнтий нутгаар овоглосон, тэр дундаа өөрийн ахан дүүс болох Өмнөдэлгэрчүүд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Төрөлх нутагтаа ирэхэд үнэхээр сэтгэл сайхан болдог юм байна. Энэ сайхан нутагтаа ирж, ном айлдах боломж олгосон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутгийн зөвлөлийнхөндөө, нутгийн зон олон та бүхэндээ чин сэтгэлийнхээ угаас баярлаж буйгаа илэрхийлье.

Насны абшиг хайрлах хүсэлт надад тавьсан ч үүнийг өгөхийн тулд эхлээд нямба буюу бясалгал хийж, бурхныхаа тарнийг 100 мянган удаа тоолох, дараа нь жинсрэг цутгах, улмаар Далай багшаас очиж зөвшөөрөл авах тэргүүтэй маш олон ажил байдаг. Цаг давчуу байсан учраас боломж бүрдсэнгүй. Гэхдээ Монголын ард түмэн бүгд тарни тоолж, маани хөгжөөдөг. Тэр дундаа язгуурын гурван бурхны тарнийг тоолох эрхийг нь аваагүй атлаа маани уншдаг шүү дээ. Тиймээс эхний ээлжинд бурхны сургааль, ном гэж юу вэ, амьдралд ямар хэрэгтэй юм бэ гэдгийг чадах чинээгээрээ та бүхэндээ тайлбарлаж хэлье. Цэцэг тарихын тулд үрийг нь сайтар суулгаж, арчилж торддогийн адил бурхны сургааль номлолыг ойлгож, түүнийг сэтгэлдээ, амьдралдаа хэрэгжүүлэх нь илүү их ач тустай. Бид өнөөдөр “Ум ма ни бад мэ хум”, “Ум базар ваани хум пад” гэх зэргээр маани уншдаг ч түүнийгээ ямар бурхны зүрхэн тарни, ямар утга учиртай болохыг мэдэхгүй л цээжилчихсэн, уншиж байдаг. Зарим хүн эрхи  эргүүлж маани хөгжөөх гэж байгаа хэрнээ хажуу дахь хүнтэйгээ элдвийг яриад сууж байдаг. Ингэж маани уншина гэж байхгүй. Маани уншихдаа энэрэн нигүүлсэхийг, ээжийнхээ ачлалыг бодож унших хэрэгтэй” хэмээн Жонан Ханчэн Гэгээнтэн хэлээд Эргэсэн Гомбо буюу Язгуурын гурван бурхны тарнийг тоолох эрхийг олгосон юм. 

Монголчууд эртнээс бурхны шашныг шүтэж, сургааль номлолыг нь амьдралдаа хэрэгжүүлж ирсэн ард түмэн. Монгол оронд гурвантаа дэлгэрч, ороо бусгаа цагийн эрхэнд хавчигдаж, 70 жил мөхлийн ирмэгт байсан ч 1990-ээд оноос дахин сэргэн, олон зуун лам нар Жагар, Түвдийн оронд суралцаж, эхнээсээ боловсорч ирж байгаа билээ. Тэднийг нэг нь Жонан Ханчэн Гэгээнтэн юм. Жонанбын ёсны номлол, бүтээл, туурвил гол дамжлагын Ханчэн хэмээх 14 ламын нэг Жонан Ханчэн Жамъяан Гончиг Бал Самбуу ламын хойд дүрээр 2007 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Цэрэндэжидийн Гантөмөрийг тодруулж, Даян дэлхийн энх тайвны төлөөлөгч, бүхнийг айлдагч, оройн дээд очир дарь Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц,  Халхын IX Богд Жавзандамба хутагт нар мутрын тэмдэг батламж бичиг өгөн зарлиг буулган Хувилгаанаар өргөмжилсөн юм.

Arslan.mn

Тэрбээр Энэтхэг дэх Гоман дацанд 2003 оноос хойш бурхны номонд шамдан Чойрын гүн  ухааны таван ботийг нь судалсан, орчин цагийн шинжлэх ухааны хэллэгээр докторын зэрэг хамгаалсан хүн гэдгийг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэлж байлаа.

Харин Өмнөдэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байсан, анхны Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат Л.Баатарсүрэн түүний өвөөгийн талаар дурссан. Тэрбээр “Жонан Ханчэн Гэгээнтэний өвөө нь Гатангийн Гомбо гэж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат лам хүн байлаа. Түүний төрж өссөн нутаг нь Дэлгэрхаан, Өндөрцагаан уул, Уртын хоолой. Бага насандаа Мандалын болон Хүүхэн хутагтын хүрээ, Балдан Брайвун хийдэд шавилан сууж байсан нэгэн юм. Г.Гомбо гуай миний ээж Т.Баднагаравтай нэг голд тоглож өссөн хүн байв. Ээж минь түүний талаар “Сүүлд наадмын морь унаж байсан” хэмээн хуучилж ярьдаг байлаа. Ээж минь хот орох болгондоо Дамбадаржаалин, Дашчойлин хийдээр очиж уулзаж, залуу нас, нутаг усаа ярьж, хууч хөөрдөг байсан юм.

Г.Гомбо гуай 1937 оны ороо бусгаа үед хүрээ хийд хаагдаж, лам нарыг хэлмэгдүүлж байхад шар шувтлан хар болж, төрөлх сумандаа Монгол хэл, бичгийн багшаар ажиллаж байгаад төд удалгүй ээжтэйгээ Улаанбаатар хотыг зорьж суурьшсан юм. Тэрбээр уйгаржин монгол бичгийн маш өндөр чадвартай, их сайхан бичдэг хүн байсан. Түүний уйгаржин монгол бичгээр бичсэн бурхны сургааль номыг нь кирилл үсэгт хөрвүүлж, удахгүй гаргах номдоо оруулахаар бэлтгээд байна. Г.Гомбо гуай 1990 оноос шашин шүтэх, бишрэх эрх чөлөө дахин сэргэснээр Дамбадаржаалин хийдэд шавилан сууж, ном буяныг үйлдсэн буянтай нэгэн. Лувсанчойдаг хэмээх сахилын нэртэй Жонан Ханчэн Гэгээнтэн өвөө аав Г.Гомбоор гурван наснаас эхлэн бичиг үсэг, уншлага ном заалгаж, Дамбадаржаалин, Дашчойлин хийдэд шавилан сууж байгаад  Энэтхэгийн Гоман дацанд бурхны номыг лавшруулан судалсан юм” хэмээн ярилаа.

Arslan.mn

Бурхны шашин дотроо өөр өөрийн тогтсон таалал, хэв маяг, номлол, бүтээл, гүн гүнзгий үзэл аугаа их явдал бүхий Гэлүг, Сажа, Нима, Гаржүд, Жонан хэмээх номын ёс бий. Жонанбын тогтсон таалал анх дэлгэрч, олон мэргэд сонсож, санах, бясалгах тэргүүтэй номын үйлийг дэлгэрүүлсэн учир тэдгээр мэргэдийг “Жонан ба” гэж нэрлэсэн байдаг бөгөөд Жонан Ханчэн Жамъяан Гончиг Бал Самбуу  лам нь Халхын Богдын анхдугаар дүр Өндөр гэгээн Занабазарын урьд дүр болох Жонан Дарнат ламын дамжлагын багшаар шүтэгдэж байсан гэдэг. Харин Жонан Ханчэн Гэгээнтэний талаар нутгийн олон нь “10 дугаар Богдыг тодруулахад номын багш нь болох их гэгээрсэн лам гэнэ билээ” хэмээн шивнэлдэх нь хурсан олны дунд суухад сонстож байв.

Жонан Ханчэн Гэгээнтэн цааш нь ном айлдахдаа “Монголчууд Буддын шашныг шүтээд байдаг ч ихэнхдээ мухар сүсэгтэй байна. Тиймээс бидэнд чин сүсэг бишрэл хэрэгтэй байна. Түүхэнд Хэнтий нутгаас тодорсон Хүүхэн хутагт тэргүүтэй хутагт хувилгаад ард иргэдийг соён гэгээрүүлэх, Монголын Үндэсний тусгаар тогтнолд хувь нэмэр оруулж явснаас биш, мухар сүсгээр мөргүүлж, гүрэм засал хийдэг мэргэд байгаагүй.

Бурхны сургаалиас авах зүйл маш олон бий. Бид шашингүй байж болох ч ёс суртахуунгүй байж болохгүй. Өнөөдөр монголчууд бидэнд хамгийн их үгүйлэгдэж буй зүйл бол ёс суртахуун, хэм хэмжээ юм. Бид бусдаас гэмийг хайгаад олдохгүй. Өөрөө өөрийнхөө гэмийг харж, бие, хэл, сэтгэлээ хянаж байж үр дүнд хүрнэ.

Монголчууд уул овоогоо тахиж, найр наадам их хийдэг. Уул, овоогоо тахилгүй яах вэ. Гэхдээ овоон дээр том, том ууц тавьдаг, архи гаргадаг хэн нь гаргасан нь мэдэхгүй энэ ёсоо болих хэрэгтэй. Бид цагаан идээний дээжээ өргөж, уул овоогоо цэвэрлэвэл буян болно. Түүнээс биш хүн хэрэглэхээ больсон муу, муухай зүйл, таяг, шил гэх мэтийг овоонд өргөхөө болих хэрэгтэй. Үүнд мөргөөд буян арвижихгүй шүү дээ. Бусдад, амьтанд хорлолтой үйл хийгээд түүний үр дагаварт нь жаргал амсахгүй. Тиймээс наадам болоход мал муулдгаа багасгах хэрэгтэй.

Өмнөдэлгэр сумынхан минь нэг нэгнээ хараад энэрэн нигүүлсэж, хайрладаг сэтгэлтэй өрх гэр, сум болоосой хэмээн хүсэж Буддын сургааль номлолоос эш татан ярьж байгаа юм. Цаашдаа зундаа нэгээс хоёр удаа ирж Буддын шашны сургааль номлолоос зааж сургаж өгч байх болно. Энэ бол миний үүрэг юм” хэмээн өгүүллээ. Ийнхүү сургааль айлдсаны дараа Хийморийн сан тавьж, буян хишгийн даллага хурайлж, сүсэгтэн олонд адис хүртээв.

Мөн энэ үеэр Өмнөдэлгэр сум болон Хэнтий нутгаас төрсөн урлагийн алдартнууд болох Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Д.Энхзул, Д.Баасанжав, Соёлын тэргүүний ажилтан Л.Чулуунбаатар, Д.Ариунбаатар, Б.Эрдэнэсаруул, Э.Чинбаяр зэрэг дуучид дуун цацал өргөсөн юм.  

Arslan.mn

Гэгээнтэний сэнтий Арын цагаан Утайн гол дугандаа заларлаа

Арга хэмжээ намрын тэргүүн хар бич сарын шинийн есний билэгт сайн өдөр Хэнтийн нурууны салбар Дэлгэр хаан уулын Мөнх-Өлзийт овооны өвөр энгэр, Арван гурван сансар уулын ар хормой, Баянбараат уулын зүүн тал, Баруун Жаргалантын баруун урд, Батхөл нуурын баруун умар захад орших Ар Халхын цагаан Утай Гүмбэм хэмээн нэрлэгддэг Балдан Брайвун хийдэд үргэлжлэн, Гэгээнтэний сэнтийг дуганд залах ёслол болж, Жонан Ханчэн Гэгээнтэн Маанийн бүтээл хурах ёслолд оролцон тэнд хуран цугларсан сүсэгтэн олонд сургааль номоо айлдав. Балдан Брайвун хийдийн гол цогчин дуганы зүүн талд, цагийн эрх, хэлмэгдүүлэлтийн хар шуурганд дуган нь сүйдсэн ч, Алтан соёмбо нь бүдгэрч, эвдрээгүй дурсгалаас холгүй, Гэгээнтэнд зориулан өргөө гэр барьсан агаад аливаа үйлийг эхлэхэд нэн таатай морин цагт тэрбээр бүрээ бишгүүр, цан хэнгэрэгийн дуунаар өргөөнөөсөө морилж, Билэг ерөөлт сүмийн өмнө этгээдэд зассан сэнтийдээ бараа бологчдын хамтаар шүтээн, сахиусандаа мөргөн ширээнээ залрав. Улмаар сүсэгтэн олноо хандан ерөөл өргөсөн.

Үргэлжлүүлэн Буддын шашны мөн чанар, сургааль номлолын утга учрыг энгийн үгээр түмэн олондоо тайлбарлахын зэрэгцээ тухайн үед уншсан хурал номд оролцон уншлага, номоо уншсан юм.

Балдан Брайвун хийдийн Маанийн бүтээл хурах ёслол УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Тэрбишдагва, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, ИТХ-ын дарга А.Даваадорж тэргүүтэй хүндтэй зочид ирж, хурал номын үйлд даган баяссан. Гэгээнтэний хамтаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Дашчойлин хийдийн хамба, доктор Ч.Дамбажав тэргүүтэй Гандантэгчэнлин, Төгс Баясгалант их хүлгэн, Хэнтий аймгийн Гүндгарвалин, Шадавдаржаалин хийдийн лам хуврагууд оролцож,  шашин номын зан үйлийг уламжлал, дэг жаягийн дагуу явуулсан юм.

Балдан Брайвун хийдэд Жонан Ханчэн Гэгээнтэн сүсэгтэн олонд зориулж ном айлдаж дуусахад хурмаст тэнгэр хэсэг хугацаанд хураа хайрлан, төд удалгүй бороогоо татсан нь ч нутгийн иргэдийн сэтгэлд таатай сэтгэгдэл төрүүлэв.

Ийнхүү арга хэмжээ үргэлжилж, сүсэгтэн олон Гэгээнтэний мутраас адис хүртэхээр тусгайлан зассан өргөөнийх нь үүдэнд дугаарлан зогссон нь нэн хүндэтгэлтэй харагдаж байлаа.

Arslan.mn

Гэгээнтэн ч хөгшин залуу, хөрвө нялх гэлтгүй хүн бүрийг өргөөндөө залж, адис жанлав хүртээж байсан юм.

Түүнийг төрөлх нутгийнхаа Балдан Брайвун хийдэд залрахад зориулж Өмнөдэлгэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхний санаачилга, санхүүжилтээр тусгайлан сэнтий урлуулсан бөгөөд түүнийг нь дуганы хойморт залан үлдээлээ. Ингэснээр сүүлийн хэдэн жилд маанийн ерөөл хурж, сахиус тахихаас бусад үед эзгүй шахам байсан Балдан Брайвун хийдэд бурхны шашны эрдэмд боловсорсон Гэгээнтэний уншлага, ерөөл үргэлжлэх орон болох нь гарцаагүй хэмээн нутгийн зон олон бэлгэшээн хүлээн авцгаасан юм.

Түүнчлэн сэнтийдээ залрахад нь ч мөргөлчдийн цуваа тасрахгүй байлаа. Орон нутгийн удирдлагын тооцоолсноор Жонан Ханчэн Гэгээнтэний ном айлдах ёслолд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынхан гэлтгүй, хавь ойрын сумд, хаа холын Ховдын хязгаар, Хөвсгөл, Өмнөговиос ч мөргөлчид ирж оролцов.

Энд нэгэн зүйлийг сонирхуулалгүй өнгөрч боломгүй. Гэгээнтэнийг сургааль, номлолоо айлдаж дуусаад хэсэг амарч ахуйд хийдийн ойролцоо могой ирсэнд нутгийн иргэд  ихэд бэлгэшээн, Гэгээнтэн ирэхэд лус баярлан, лусын эзэн ирээд явлаа хэмээн ихэд баярлаж байв.

Ийнхүү Даян дэлхийн энх тайвны төлөөлөгч, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц,  Халхын IX Богд Жавзандамба хутагт нарын тодруулсан Жонан Ханчэн Гэгээнтэн төрөлх Өмнөдэлгэр нутаг, Ар Халхын Цагаан Утай Гүмбэм хэмээн алдаршсан Балдан Брайвун хийддээ морилон саатаж, бурхны шашны сургааль номлолын учрыг сүсэгтэн олондоо тайлбарлан, уншлага ерөөл өргөсөн хоёр өдрийн арга хэмжээ боллоо.

Arslan.mnArslan.mnArslan.mn