8o
Улаанбаатар хот
mobile menu

Инфографик: Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

2019-09-06 14:40:00

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас санаачилж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Pадио долгионы тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш Засгийн газрын бүтэц, чиг үүргийн өөрчлөлттэй холбогдуулан тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй бөгөөд үүнтэй холбоотой өөрчлөлтийг тусгах, мөн Захиргааны ерөнхий хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотой зохицуулалтуудыг хийх, Монгол Улсын олон улсын гэрээнд тусгагдсан нэр томьёонуудыг шинэчлэн оруулах, радио долгионы хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг багасгах зэрэг эрх зүйн шинэ зохицуулалтыг тусгах шаардлага байсан. Энэхүү 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хуульд шинээр тусгасан. Үүнд:

1.Радио долгионы асуудлаар Засгийн газар, Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх, чиг үүргийн ялгаа заагийг тодорхой болгосон.

2.Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь радио давтамжийн зурвасыг үр ашигтай ашиглах замаар эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, радио долгионы төлөвлөлтийн бодлого, стратеги, хөгжүүлэлтэд баримтлах чиглэл батлах зэрэг өргөн хүрээтэй, нийгэмд хүлээгдэж байгаа хуулийн зохицуулалтуудыг тусгасан.

3.Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхийг шинээр хуульчилж, Монгол Улсад радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, радио давтамж, радио давтамжид баримтлах зохицуулалт болон зурвасын хуваарилалт хийх, түүнчлэн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлалыг батлах, радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам батлах зэрэг зохицуулалтуудыг оруулсан. 

4.Монгол Улсын олон улсын гэрээ, олон улсын жишигт нийцүүлэн “богино зайн радио төхөөрөмж” болон “радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж” гэсэн хуулийн шинэ нэр томьёоны тодорхойлолтуудыг хуульд тусгасан. 

5.Хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, радио давтамжийн зурвасын төлөвлөлт, зохицуулалтыг оновчтой зохион байгуулах замаар өндөр технологи, мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхэд энэ хууль дэмжлэг үзүүлнэ.

Энэхүү хууль батлагдсанаар радио долгион хуваарилах, ашиглах, хамгаалах, өмчлөх, эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахдаа радио долгионы ашиглалттай холбоотой зөвхөн техник, технологийн талаас авч үзэхээс гадна түүний хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр дүнтэй хуваарилах, нийтийн хэрэглээний радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлт болон зохицуулах байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэхтэй холбоотой харилцааг бүхэлд нь зохицуулах боломж бүрдэнэ.

Түүнчлэн шинэ үйлчилгээ, техник, технологийг нэвтрүүлэх үйл явц хурдсаж, эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, радио холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, радио долгионы хортой нөлөөллөөс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах боломж бүрдэх зэрэг онцгой ач холбогдолтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment