Солонгос улсын Ёнгам дүүрэгт ажиллаж амьдардаг Монгол улсын дөрвөн иргэнийг Чоннам аймгийн цагдаагийн хэсэг саатуулан шалгаж байна. Монгол залуус гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан нь тус нутгийн оршин суугчдын гэрийнхээ үүдэнд цоожлоод үлдээсэн дугуйг хулгайлдаг байсантай холбоотой аж.
Тэд хулгайлсан дугуйгаа задлан , хүргэлтийн үйлчилгээгээр Монгол Улс руу хүргүүлдэг байсан ба дугуйнуудыг А гэгч залуугийн гэр бүлийнхэн хүлээн авдаг байсан нь илэрчээ. Монгол залуус нийт 7.2 сая вонноор үнэлэгдэх дугуй хулгайлсныг илрүүлсэн ч, өөр бусад хулгайн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг үргэлжлүүлэн шалгах байна. Мөн тэдний хулгайлсан дугуйг Монголд хүлээн авдаг байсан А-гийн гэр бүлийнхнийг шалгах боломжийн талаар Монгол Улсын цагдаагийн газартай хамтран ажиллахаар хэлэлцэж эхэлжээ