12o
Улаанбаатар хот
mobile menu

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16 13:30:00

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л. Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Л.Келечески, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Номхон далайн хүрээг хариуцсан газрын дарга, доктор Жон Вүүд, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Х.Луу нарын албаны хүмүүс оролцсон юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ, “Говийн чоно-2019” олон улсын сургалт дадлага сургуулийг бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор 8 дах удаагаа зохион байгуулж байна. Монгол орны дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэл хөгжсөн Дорноговь аймгийг түшиглэн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг төлөвлөх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар хэлэлцэж, харилцан туршлааа солилцож байгаа билээ. Иймээс та бүхэн мэдлэгээ дээшлүүлэх, сурч мэдэхийг хичээх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа сайжруулах, бэлэн байдлыг нэмэгдүүлэх талаар хичээж оролцохыг хүсье” гэлээ.

Дадлага сургуульд Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Нипаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орон, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЭМЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ЗХЖШ, МЭЕГ, ЦЕГ, МХЕГ, Улаанбаатар төмөр зам, Автотээврийн үндэсний төв болоод Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Дорноговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дотоодын хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нийт 500 гаруй төлөөлөл оролцож байна.

“Говийн чоно 2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль нь “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болоод орон нутгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний команд штабын сургууль гэсэн 4 чиглэлээр 21 төрлийн сургалт зохион байгуулагдаж байна.

Дадлага сургуулийн үеэр “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид хамтран газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, үйлдвэрийн барилгад гарсан химийн осол болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулна. Мөн Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх, хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд энэ сарын 21-нд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment