8o
Улаанбаатар хот
mobile menu

Анна Карин Жэтфорс: Гурван эмэгтэй тутмын нэг нь ойр дотны хүнийхээ хүчирхийлэлд өртөж байна

2019-09-18 09:00:00

 

“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулга уулзалтаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Ингээд чуулга уулзалтанд оролцсон эрхэм төлөөлөгчид юу гэж хэлсэн талаар тоймлон хүргэе. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал хөгжлийн гол шалгуур болж байна

-Юуны түрүүнд чуулга уулзалтын нээлтэд оролцон төлөөлөгчд, зочдод амжилт хүсье. Улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих нь өөрчлөгдөж,  хүчирхийллээс ангид байх,  эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур болж байна. Охид, эмэгтэйчүүдээ ажил орлоготой, айх аюулгүй, сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн холбоотой нягт хамтран ажиллана. 

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл:

-Ер нь бол МЭХ өнгөрсөн хавар УИХ-ын даргын нээлттэй сонсголын үеэр бид энэ хүчирхийлэлтэй холбоотой асуудал ялангуяа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр 8-9 хуульд өөрчлөлт оруулахаарУИХ-ын гишүүдэд болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн байгаа. Гэхдээ тэр хугацаанаас хойш өдий хүртэл ямар нэгэн байдлаар шийдэл ерөөсөө яригдаагүй. Мэдээж хэрэг хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг ярихаар энэ хуулийн хатуу бодлоготой холбоотой асуудал ярьж сүүлдээ бүр цаазын ялтай холбоотой асуудал яригдсан шүү дээ. Тэгэхээр бидний хувьд цаазын ял гээд хэн нэгний толгойг таслаад ч юм уу, ямар нэгэн эрхтнийг нь таслаад асуудал шийдэгдэх боломжгүй. Бид алсыг харсан илүү өргөн бодлоготой олон хуулиудад өөрчлөлт оруулж байж энэ хүчирхийллээс бид ангид байх юм гэдэг судалгааг хийсэн. Тэр судалгааныхаа үндсэн дээр бид нар 8-9 хуульд өөрчлөлт оруулах тодорхой саналыг гаргасан байгаа.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Хорооны Ази номхон далайн бүс хариуцсан захирал Анна Карин Жэтфорс

"Ази номхон далайн бүсэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл өндөр байна. Гурван эмэгтэй тутмын нэг нь ойр дотны хүнийхээ хүчирхийлэлд өртөж байна. Хүчирхийллийг бууруулахад бодлого, хууль эрх зүйн баримт бичиг чухал үүрэгтэй төдийгүй шат шатны байгууллагууд хамтарч ажиллаж, нэг бодлого, чиглэлтэй байж хүчирхийллийг таслан зогсоож чадна. Одоогоор эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бүтэн арилгаж чадсан нэг ч улс дэлхийд байхгүй байна. 

Швед улсын Гадаад хэргийн яамны Хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Пер Андерс Сунессон:

"Эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгалгүй ижил эрхтэй амьдрахыг хүсч байгаа бол хуулийг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Швед улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлын талаар анхаарч ажилласан учраас "Биеэ үнэлэгчдийг хамгаалах хууль"-тай болж, биеэ үнэлэгчдийн тоо буурсан юм. Биеэ үнэлэгчдийг хохирогч гэж үзэн, худалдан авагчдыг гэмт хэрэгтэн гэж үзэн торгууль ногдуулж, бүр цаашлаад нэг жил хүртэл хорих ялаар шийтгэдэг болсон байна. Тус шийдвэрийн хүрээнд хэрэгцээ алга болж 10 мянган биеэ үнэлэгчтэй байсан Швед улсад өдгөө 1000-2000 биеэ үнэлэгчтэй болж цөөрсөн" гэж өөрийн орны сайн туршлагаас хуваалцлаа.

Дуучин Нара:

-Юуны өмнө Илүү сайхан ирээдүйн төлөө олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа ЗГ, МЭХ, ХНХЯ-нд талархаж байна. Маш олон орны эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчид ирсэн байна. Хамгийн гол яригдаж буй асуудал нь эмэгтэйчүүдийн санхүүгийн хараат бус байдлын талаар маш их дэмжиж дуу хоолой болж байгаа болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудал бэлгийн хүчирхийлэлийн асуудлыг хөндөж байгаа нь талархууштай санагдаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл