12o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Сүхбаатар: Хуулиараа ард нийтийн санал асуулгыг нэг л удаа явуулна

2019-09-24 16:58:00

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг тойрсон улстөрийн нөхцөл байдлууд хуулийнхаа хүрээнд хэрхэх талаар Хуульч Ж.Сүхбаатараас тодрууллаа.   

Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр хөшигний ард нийлж Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоохоор тохирсон гэх хардлага болоод албан бус мэдээллүүд маш их хөвөрч байна. Үнэхээр энэ хоёр хүний далд улстөрийн санаа зорилго яваад байна уу? 

Ийм боломжгүй. Яагаад гэвэл энэ засаглалын хэлбэр нь хууль зүйн хувьд бол төрийн удирдлагын хэлбэрийн тухай асуудал юм. Монгол улс төрийн удирдлагын хэлбэр нь Парламентийн Бүгд Найрамдах улс. Үндсэн хуулинд хоёрдмол утгагүйгээр заасан. Хоёрдугаарт төрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөх тухай асуудал нь хууль зүйн хувьд гэмтэй. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс санал хураах хавчуурга, даавир байдлаар оруулж ирэх боломжгүй. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулинд хуулиас гадуур Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдах хуйвалдаан оруулах аливаа үйлдлийг Монгол улсын Үндсэн хуульд халдсан хэрэг гэж заасан байдаг. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар Монгол улсын Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэж шинээр батлахтай холбоотой харилцаанд үйлчлэхгүй гэж заасан байгаа юм. Тэгэхээр энэ асуудал хууль зүйн хувьд бол хаалттай асуудал. УИХ дахь Монгол Ардын намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрт нэгдүгээрт, Үндсэн хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна гэж амлаад 65 суудалтай болсон. Хоёрдугаарт намынхаа дүрэм зохион байгуулалт талаасаа хэн нэгэн намын дарга эсвэл хэсэг бүлэг УИХ-ын гишүүд нийлээд Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх, шинэ Үндсэн хуулийг батлах эсэх тухай хэлэлцэн шийдэх боломжгүй. 

 

Шинэ үндсэн хууль ерөөсөө Засгийн газрыг ерөнхийлөгч толгойлдог болох нэмэлт өөрчлөлтийн асуудал биш. Энэ бол цоо шинэ Үндсэн хуулийг шаардаж байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр цоо шинэ Үндсэн хууль биш Үндсэн хуулийн  нэмэлт өөрчлөлтийн хоёр гурван заалтыг зөвшилцөж ойлголцох дээр хүртэл санал зөрөлдөөн ихтэй байлаа шүү дээ. Энэ асуудлыг ярьж байгаа хүмүүс одоогийнхоо Үндсэн хуульд үнэнч байж энэ Үндсэн хуульт байгууллагаа хадгалж хамгаална гээд тангараг өргөсөн, үүнийгээ л дагаж мөрдөх ёстой. 

 

 

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн том баталгаа бол ардчилсан төрийн тогтолцооны суурь болсон парламентын засаглал юм. Хуучны хаант засаглалыг эс тооцвал Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын жишиг, уур амьсгал манайд хэзээ ч байгаагүй. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг бол нарийн зохион байгуулдаг сонгуулийн системтэй, нутгийн удирдлага, шүүх гээд төрийн байгууллага, удирдлагын тогтолцоо өөр хоорондоо шүтэлцээтэй, нэгдмэл ийм систем байгаа юм. Энийг тийм хялбархан хийхгүй. Дор хаяж 5 жил болно, төлөвшүүлэхэд дахиад 20 жил болох ийм асуудал үүснэ. Ямар бооцоот тоглоом тоглож байгаа биш. Зарим улсад хэлдэг покерын улс төр гэдэг шиг ийм юмыг улсын хэмжээнд, Үндсэн хуулийн түвшинд явуулж болохгүй. 

Монгол Ардын Нам парламентын засаглалыг дэмжиж байгаа гэж ойлгож болох уу? 

Үндсэн хуулийн сая хэлэлцүүлээд, төслийн эхийг нь баталдаг энэ төслийг бол дэмжиж байгаа, энэний төлөө саналаа өгч оролцохыг  олон нийтэд болон бүлгийн гишүүддээ хандаж хэлж байсныг би харсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх гэж байгаа нь парламентын тогтолцоог бүрэн дүүрэн бэхжүүлэхэд чиглэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлэг ард  нийтийн санал асуулгаар ҮХНӨ-г бататгаад явах байр сууриа илэрхийлсэн хэвээр байгаа. 

 

Хэрвээ УИХ хугацаанаас нь өмнө тарвал улс төрийн тогтворгүй байдал үүсч, үймээн самуун дэгдэнэ гэж зарим хүн хэвлэл мэдээллээр яриад байх юм. Парламент хугацаанаасаа өмнө тарах нь үнэхээр үймээн самуун дэгдээдэг зүйл үү? Бусад улс оронд ийм жишээ байна уу? 

 

Парламент хугацаанаасаа өмнө тарах асуудал хууль зүйн хувьд олон улсын хувьд ердийн байдаг зүйлийн тоонд ордог. Гэхдээ хамгийн гол шаарддаг юм нь хуулийн дагуу, хуульд заасан бодит үндэслэл бүрдсэн үед парламент тарах ёстой гэж үздэг. УИХ-ын хувьд хамгийн гол нь хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгавар болгох асуудал нь хуульд зааснаар нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь зөвшөөрсөн байх ёстой. УИХ дотроосоо санаачилсан тохиолдолд. Мэдээж УИХ-ын гишүүдийн хувьд нийгэм улстөрийн нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт өгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх,цаашдаа хууль ёсны байдалд нь тодорхой асуудал үүссэн байна гэж үзэх юм бол УИХ тарах нь үндсэн хуулиар нээлттэй, заагдсан зүйл. Мөн Ерөнхийлөгч тараах үндэслэлийг заасан байдаг.

 

Хамгийн гол нь бусад орон шиг тогтворгүй байдалд орох бололцоог хууль зүйн хувьд хааж зохицуулсан байдаг. Нэг танхимтай, цөөн хүн амтай жижиг улс учраас төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, зөвшилцлөөр энэ асуудал нь цаашаа явах бололцоо гээд бүх талаас нь харгалзаад УИХ нь өөрөө тарсан ч дараагийн шинэ их хурал хуульд заасан хугацаагаар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх хүртэл байгаа парламент нь бүрэн эрхээ хэрэгжүүлдэг.  Засгийн газар нь шинэ  Ерөнхий сайдын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлдэг. Тэгэхээр УИХ, Засгийн газрууд шинэ УИХ, Засгийн газруудын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл ямар нэгэн тасалдал үүсэхгүй ажиллах юм. Хууль зүйн хувьд бодлогын үйл ажиллагааны тасал гарахгүй. Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд УИХ эргэн хуралдах, арга хэмжээ авах эрхүүдтэй. 

 

УИХ хугацаанаасаа өмнө тарвал улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүснэ гэж ярьж байгаа нь цаанаа улстөрийн зорилготой байж болно. Ийм асуудал ярих замаар ард нийтийн санал асуулгыг явуулахгүй гээд байна уу эсвэл ээлжит бус сонгууль, УИХ өөрөө тарахын эсрэг байна уу. Жилийн өмнө Ерөнхийлөгч УИХ тарахыг шаардаж санал тавьсан, УИХ дахь АН-ын Зөвлөл санал тавьсан тэрэнд нь одоогийн Ардын намын зарим гишүүд нэгдсэн. Дахиад Ерөнхийлөгч энэ асуудлыг тавьсан. Мөн энэ парламент ҮХНӨ-г дангаараа баталж болохгүй ард нийтээсээ асуу гэж УИХ дахь АН-ын зөвлөл шаардсан. Тэгээд ард нийтийн санал асуулгаар асууя гэтэл зардал мөнгө өндөр байна гэсэн. Зардал мөнгөө хэмнэе, дээр нь парламентын үйл ажиллагаа, улстөрийн нөхцөл байдлаа тооцоод Ерөнхийлөгч, АН-ын Зөвлөлийн зарим гишүүдийн таръя гээд байсан шаардлага энэ болгоныг харгалзан үзээд нэгэн зэрэг ээлжит бус сонгууль, ард нийтийн санал асуулгыг хамт явуулая гэхээр УИХ хугацаанаасаа өмнө тарвал хямрал болноо гээд суучихдаг нь улс төрийн уйвайгүй тоглоом л байх даа. 

 

Ард нийтийн санал асуулга явуулахад  ирц хүрэхгүй тохиолдолд яах вэ? Ахин төсвөөс мөнгө гарч санал асуулга явуулах уу? Мөн ҮХНӨ батлагдахгүй гэсэн үг үү? 

 

2016 оны 2 сард Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг УИХ шинэчлэн баталсан. Энд заасан асуудал бол сонгуулийн насны иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ гэж заасан байгаа. Ингэхээр Монгол улсын сонгогчдын нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь, 50-иас дээш хувь нь оролцсон байж, ард нийтийн санал асуулга хүчинтэй болно. Хэрвээ санал асуулгад нь 50-иас дээш хувь нь оролцохгүй бол энэ санал асуулгыг ахиж явуулахгүй. Уг саналыг ард нийт дэмжээгүй гэж үзнэ. Тэгэхээр дахиж зардал чирэгдэл болж ахин санал асуулга явуулахгүй мөн ҮХНӨ-г 8 жил ахин хэлэлцэхгүй гэсэн үг юм. Тиймээс ард иргэд ард нийтийн санал асуулгад туйлын хариуцлагатай хандах нь зөв юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дархан
Энэ амбиц амьтан зайлуул
2019/09/29 202.126.88.209
  • Recent
  • Most Read
  • Most Comment