8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Бага нуурын ус болон хөрсөнд шинжилгээ хийжээ

2019-09-26 16:27:47

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Бага нуур орчимд нүүдлийн шувуу ихээр шалтгаангүйгээр үхэж байгаатай холбогдуулан МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран газар дээр нь хяналт шалгалт хийж, нуурын ус, нуур орчмын хөрснөөс дээж авч шинжлүүллээ.

Нуурын уснаас авсан дээжид хүнд металлын шинжилгээгээр натри, хүнцэл зэрэг хүнд металлын бохирдол ихтэй, нян судлалын шинжилгээгээр эмгэг төрөгч Salmonella spp илрээгүй байна. Харин гэдэсний бүлгийн болзолт эмгэг төрөгч нян Citrobacter.spp, илэрсэн бөгөөд нуурын ус мал, амьтны ялгадсаар бохирдсонтой холбоотой аж.

Хөрсний дээжинд хийсэн хүнд металлын шинжилгээгээр ванадий зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан хэдий ч хортой, аюултай агууламжийн хэмжээнээс бага байна. Нуурын ус болон хөрсний дээжид цианит илрээгүй.

Лабораторийн шинжилгээний дүнгээр Бага нуурын ус нь “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-той харьцуулахад зарим хүнд металлын агууламж өндөр, тавдугаар зэргийн их бохирдолтой ангилалд хамаарч байгаа бөгөөд нуурын гадаргын талбай багассаны улмаас эрдэсжилт ихэссэн байх магадлалтай.

Нуурын эргэн тойронд уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ болон айл өрх байхгүй, хамгийн ойр айл 15 км-т байгаа нь хүний болон аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэх үндэслэлгүй байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шувуудын нүүдэл дуусах хүртэл Бага нуурт нэмж шувуу ирэхээс сэргийлэн үргээгч байрлуулах талаар холбогдох байгууллагуудад зөвлөгөө өгсний дагуу нууранд шувуу үргээгч байрлуулаад байна.

Есдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар нийт 2,253 толгой шувуу хорогдсоны 97 хувийг хоёр зүйлийн ангир шувуу эзэлж байна. Тус нуур орчимд шувуу хорогдож эхэлснээс хойш аймгийн Байгаль орчны газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газраас Ажлын хэсэг ажиллан үхсэн шувуудаас дээж авч Улсын Мал эмнэлгийн хүрээлэн, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний лабораторид хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Зооноз өвчин судлалын төвийн мэдээлснээр шувууны томуу өвчин биш болох нь тогтоогджээ. 

Мөн тус нууранд усны шувуудын хоол болох хавч хэлбэртний овгийн артёми хэмээх амьд биет олноороо үхэж нуурын эрэгт ялзарч муудсан байдалтай байна.

Бага нуур нь Завхан аймгийн төвөөс 380 орчим км зайтай, гадагш урсгалгүй, нуурт цутгал гол, горхигүй, урт 6.2 км, өргөн 1 км, дундаж гүн 7.4 метр, давстай нуур юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment