8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сард цаг агаар ямар байх вэ

2019-10-01 10:30:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр аравдугаар сард агаарын температур говь, зүүн аймгуудын нутаг болон Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

 Харин хур тунадасны хувьд аравдугаар сард Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн хойд хэсэг, Увс аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорноговь, Дундговь аймгийн өмнөд хэсэг Өмнөговь аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ.

Иймд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэргээр мал өвөлжилт хаваржилтад эртнээс бэлдэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Аравдугаар сарын цаг агаарын төлөв /Дэлгэрэнгүй/

Баруун аймгуудын нутаг. Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дундажаас /ОЖД/ 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын эхээр хүйтэрч Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Хангай, Ханхөхий, Булнайн уулс, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Алтай, Хангай, Булнай, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Сарын сүүлчээр хүйтэрч Хангайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Бусад хугацаанд Алтай, Хангайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховд, Завханы  хойд хэсэг, Увсын ихэнх нутгаар ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын эхээр нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи сарын эхээр болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг. Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын эхээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Сарын сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард нийт нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн,  хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Сарын сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн аймгуудын нутаг. Нийт нутгаар ОЖД-с 1.0-1.5 градус дулаан байх төлөвтэй/3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэрч үеэр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, сарын сүүлээр хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөвтэй.

Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард нийт нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй.

Сарын эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас, сүүлчээр нь ихэнх нутгаар, хур тунадас орох төлөвтэй байна.

Харин хоёр ба гуравдугаар арав хоногт зарим газраар хур тунадас, цас орох төлөвтэй. 

Салхи 6-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг. Нийт нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд эхээр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2  градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орох бол сүүлчээр нутгийн зарим газраар хур тунадас нойтон цас орох төлөвтэй.

Салхи энэ сард зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-22 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment