Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж, хорих 461-р ангид хорьсон. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар мэдээлэл цацагдсан юм.
Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгтэй холбоотойгоор өчигдөр орой Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг АТГ-аас баривчилсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарч эхэллээ. Түүнийг Д.Доржхандын мэдүүлэгтэй холбоотойгоор хорьсон бололтой.
Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатын хувьд:
- 1993-1996 онд Авто тээврийн газарт ерөнхий менежер,
- 1996-1998 онд БНХАУ-ын Тянжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн байнгын төлөөлөгч,
- 1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт дарга,
- 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирал,
- 2008-2009 онд “Дэвшил” ХХК-д ТУЗ-ийн дарга,
- 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга,
- 2013-2015 онд ШУТИС-д ахлах багш,
- 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.