Цэнхэр үст Э.Цэрэн хэмээн олонд танигдсан Э.Цэрэндолгор БСШУ-ны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насарбаярыг Монголд МҮҮН-ий гаж урсгалыг хөгжүүлэхэд хамгийн их нөлөөлсөн. Цаашилбал боловсролын салбарт уг шашиныг дэлгэрүүлж, хүүхэд залуусыг буруу зүйлд татан оруулж байгаа хэмээн буруутгаж хуулийн байгууллагад шалгуулахаар хандаад байгаа билээ.
Түүнчлэн Сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Б.Насанбаярын МҮҮН-тэй холбоотой гэдгийг эрэн сурвалжилсан байдаг. Тэгвэл энэ бүх асуудалтай холбоотойгоор БСШУ-ны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өнөөдөр мэдэгдэл хийж, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөхөөр болж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа "Би МҮҮН-ын төрийн бус байгууллагад гурван жил ажиллаж байсан. Гэхдээ одоо бол ямар нэгэн холбоо байхгүй. Түүнчлэн энэ урсгалыг боловсролын салбарт нэвтрүүлсэн асуудал огт байхгүй учир цаашид хууль шүүхийн байгууллагад хандах болно. Энэ талаар холбогдох бүх шатны газруудад хандах болно" гэсэн юм.
Тэрбээр энэ үеэр “Энэ гурван жилийн хугацаанд хэлмэгдүүлэлт гэдгийг ажил, амьдралаараа өөрийн биеэр туулж мэдэрлээ. Хариуцлагатайгаар хандаж хэлэхэд Монгол улсын Боловсролын байгууллагад ямар нэгэн шашны нөлөө ороогүй гэдгийг хэлэх байна. Цэцэрлэг, сургуулийн багш нарын зааж байгаа арга зүйд ямар нэгэн шашны нөлөө ороогүй гэдгийг өөрсдөө гэрчлэх байх. Монгол улсын Боловсролын байгууллагад шууд холбоотой хүн сая гаруй хүн байдаг. Тиймээс юуны түрүүнд боловсролын салбарын олон мянган ажилтны хийж буй нөр их хөдөлмөрийн харлуулж байгаа хүмүүсийг энэ үйлдлээ зогсоогооч гэж хүсмээр байна.
Би МҮҮН-ын шашны сургааль номлолыг судалж байсан, үүнтэй холбоотой төрийн бус байгууллагыг удирдаж байсан гэдгийг өнөөг хүртэл өгсөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлагандаа хэлсээр ирсэн. Гэтэл үүнийг зарим нэг хүмүүс ярихдаа өөр өөр зүйл ярьсан мэт ойлголт төрүүлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Монгол улсын боловсролын байгууллага аль нэг газрын даргын нөлөөгөөр өөрчлөлт орно гэж байхгүй. Үүнийг мэдэж байгаа хэрнээ зохион байгуулалттайгаар удаа дараагийн үйлдэлээр гүтгэн доромжилж байгаа учир албан ёсоор үүнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа хэлмээр байна. Түүнчлэн надтай холбоотойгоор цахим хуудсаар нэлээд олон пост хийж байна. Тухайлбал МАН-ын гишүүн Хасын Ганхуяг өөрийнхөө цахим хуудсаар олон зүйл нийтлэж байна. Энэ хүний нийтлэж байгаа зүйл Монгол улсад хэрэглэж байгаа сурах бичигт хаана ч байхгүй. Тиймээс тэр хүн өөрийнхөө хүүхдүүдэд ийм ном сонгож авч өгчихөөд түүнийгээ нийтлэж байгаа юм уу гэж асуумаар байна. Энэ дашрамд монголын бүх цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг өөрсдийнх нь хэрэглэж байгаа ном сурах бичигт ийм зүйл байгаа юу үгүй юу гэдгийг албан ёсоор хэлээч гэж уриалмаар байна. Байхгүй зүйлийг байгаа мэт ойлголт төрүүлж, нийгмийг буруу төөрөгдөлд оруулж байгаа нь асар том гэмт хэрэг. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Н.Энхбаяр гэж хүн байшингийн орой дээрээс үсрэх гэж байгаа хүний дүрсийг надаар хийсэн зургийг нийтэлсэн байна. Энэ хүн үр хүүхэдгүй хүн үү. Залуучуудад ийм зүйлийг уриалаад байгаа юм уу. Би эцэг эхчүүдээс гуймаар байна. Цахим ертөнц ялангуяа фейсбүүкээс хүүхдүүдээ хол байлгаачээ. Энэ томчууд чинь их аймаар болчихсон юм бэ?
Тиймээс энэ эвлүүлэг хийсэн, ямар ч сурах бичиг дээр байхгүй зүйлийг байгаа мэт ойлголт төрүүлсэн бүх хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газарт өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
- Таныг А.Цэрэндолгор гэж хүн шалгуулахаар өгсөн. Таныг хууль хяналтын байгууллагаас шалгаж, тайлбар авсан удаа байгаа юу?
- 2016 оны 2 дугаар сард Цэрэндолгор гэдэг эмэгтэй 10 зүйлээр намайг гүтгэсэн. Би энэ асуудлаар шүүхэд хандаж байгаа. Намайг гүтгэсэн бүх зүйлийг нь тодорхой болгож өгнө гэдэг итгэлтэй байна. Тэр хүний ярьж байгаачлан боловсролын салбарт шашны нөлөө орсон зүйл огтхон ч байхгүй. Надад энэ сарын хугацаанд ямар нэгэн цагдаагийн байгууллага болон шүүхээс нэг ч мэдэгдэл ирээгүй байна.
- Нэр төрд халдаж байна гэж та сая хэд хэдэн намын гишүүдийг дурдлаа. Улс төрийн нөлөө байна гэж бодож байна уу?
- Энэ жил монголчуудын хувьд онцгой жил. Сонгууль ойртож байгаатай холбоотойгоор нэг хүнийг аймшигтайгаар гүтгэн доромжилж байна. Миний гар утас, сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр дайрч байна. Ингэснээр миний амьд явах эрх зөрчигдөж, гэр бүл, үр хүүхэд минь тайван амьдрах боломжгүй боллоо. Тиймээс энэ бүхний захиалагч хэн бэ гэдгийг тогтоолгохоор Тагнуулын Ерөнхий Газарт албан ёсоор хүсэлтээ гаргана.
- -“С1” телевизийн “Цензургүй сурвалжлага” гарахгүй болсон шалтгааныг тантай холбох хүмүүс байна. Ямар нэг улс төрийн нөлөө байсан хэрэг үү?
- -Би энэ нэвтрүүлгийг гараасай гэж бодож байсан. “С1” телевизийг хаасан нь хүмүүст хүлээлт үүсгэх гэсэн тэр хүмүүсийн зохион байгуулалттай хийсэн хэрэг гэж бодож байгаа. Хүний анхаарал татах гэж зохион байгуулалттайгаар нэвтрүүлгийг зогсоосон. Учир нь, хүмүүс хааж, хориглох тусам үзэх гэж улайрдаг шүү дээ. Тэр нэвтрүүлэг дээр гарсан шиг би ямар нэгэн компанид хувьцаа эзэмшдэггүй. 2009 онд нэг компанид 20 ширхэг хувьцаа 200 мянган төгрөгөөр аваад ноогдол ашиг өгдөггүй энэ компаниас 2015 онд хувьцаанаасаа татгалзсан.
- Төрийн өндөр албан хаагчийн хувьд ийм асуудал үүссэнд ёс зүйтэй хандаад албан тушаалаа өгөх хэрэгтэй юм биш үү?
- Энэ хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн гурван жилийн үйл явдлыг харахад хэлмэгдүүлэлт яаж болдог, яаж олон нийтэд буруу ойлголт төрүүлчихээд, тэр зүйл дээр яаж тоглолт хийдгийг өөрийнхөө бие, сэтгэл, гэр бүлийн амьдрал, ажлаараа ойлголоо. Тиймээс би өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд тэмцэхээ мэдэгдэж байна. Олон улсын хүний эрхийн бүх шатны байгууллагад ч хандаж, тэдэнтэй хамтарч ажиллах болно. Монгол хүн яагаад залуу насандаа аль нэгэн байгууллагад элсээд ажиллаж болдоггүй юм бэ. Ямар нэг зүйлийг сурч, орж гарсан байж болдоггүй юм бэ. Цаанаасаа санхүүжилттай, зохион байгуулалттай хэргийн төлөө би энэ өдрөөс эхлээд тэмцэнэ. Намайг өнөөдөр үндэсний дайсан мэтээр харж байна. Энэ бол асар аймшигтай хэлмэгдүүлэлт.
- Та хувь хүнийхээ хувьд Мүүний шашны талаар ямар байр суурьтай байдаг вэ?
- Сан Мён Мүүний байгуулсан байгууллага нийгмийн сайн сайхны төлөө болон шашны төлөө байгууллага гэж хоёр салсан. Би шашны байгууллагад ажиллахгүй хэмээн татгалзаж, 2009 онд гарын үсгээ зурсан удаа бий. Үүнийг миний өмнөөс тайлбарладаг харгис дарангуйлалаа болих хэрэгтэй. Мүүний шашныг Хууль зүйн яам болон түүний харьяа байгууллагууд шалгаж, байнга хянадаг байх ёстой. Би гадаадад амьдарч байгаад монголчуудыг хагалан бутаргах зүйл хийгээгүй. Би Монгол хүн. Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж явна.
- Та Э.Цэрэндолгорыг хэзээнээс мэддэг болсон бэ?
- Би яагаад Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулах хүсэлтээ тавьж байна вэ гэхээр зорилготойгоор, давтамжтайгаар, сэтгэгдэл бичсэн хүмүүсийн ID хүртэл харахад үнэхээр ойлгомжтой гэдэг нь харагдаж байгаа. Тэдгээрийн хэд нь хөлсөөр ажилладаг PR компаниуд вэ гэдгийг гаргаж ирэх боломжтой. Би Цэрэн гэж эмэгтэйг намайг Мүүнтэй холбон ярьж, гүтгэж эхэлснээс нь хойш мэддэг болсон. Саяхан надад тавьсан 10 шаардлага чинь үндэслэлгүй байна гэж нэг удаа уулзсан. Түүнээс өөрөөр би мэдэхгүй. Тэр хүн тодорхой зорилго, зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа гэдгийг хууль хяналтын байгууллага тогтооно гэдэгт итгэж байгаа.
- Тэгэхээр та шашны биш төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд нь оролцож байсан хэрэг үү?
- Тийм. Би оролцож байсан гэдгээ анх энэ талаарх мэдээлэл гарч эхлэхэд л хэлж байсан. Миний гэр бүлийн тайван амьдрах эрхийг олгож өгөөч ээ. Шүүх цагдаагийн байгууллага үнэн мөнийг олж тогтоогооч ээ. Би эх хүнийхээ хувьд гуйж байна. Би бага насны гурван хүүхэдтэй. Миний гурван хүүхэд чөлөөтэй амьдарч, сургуульдаа явмаар байна. Би Монгол Улсын иргэн. 1937, 1967 оны хэлмэгдүүлэлтэд миний гурван ахыг хэлмэгдүүлж байсан. Яг үүн шиг намайг хэлмэгдүүлж байна.
- Таны ажилладаг байсан төрийн бус байгууллага монгол эмэгтэйчүүдийг Солонгос улсын иргэнтэй гэр бүл болгосон тухай мэдээлэл бий. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
- Тэр бүх зүйлийг холбогдох хүмүүс нь шүүх цагдаадаа өгөөд шийдүүлэх байх. Ямар нэгэн төрийн бус байгууллага хүн худалдаалж байгаа бол хуулийн хүрээнд шийдэх ёстой. Ямар ч байсан намайг “Оюуны эрэл” оюутны холбоог хариуцаж байхад тийм зүйл нэг ч удаа болж байгаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
- -Та хэзээнээс ажлаа өгөх юм бэ?
- Өнөөдрөөс би албан ёсоор ажлаа өгч байна. Тэгээд цаашид Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдэгдэх байх. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Намайг болох, болохгүй зүйлээр гүтгээд дуусмагц энэ асуудлыг БСШУ-ны сайдтай хүртэл холбож байна. Үүнийгээ зогсоогоочээ. Тэр хүн энэ шашныг мэдэхгүй гэж хэлсэний төлөө энэ хүн бөөрөнхийлж байна гэж байна.