8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

2019-10-04 09:41:41

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан өчигдөр 10:00 цагт товлогдсон юм.

Гэвч шүүх хуралдаан дараах шалтгаанаар хойшлогдсон байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 08:30 минутад зарлагдсан шүүх хуралдаан дуусаагүй байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, мөн өмгөөлөгч Ж.Наранбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, эмнэлгийн магадлалын хамт ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Гантулга нь өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... өмгөөлөгч ... шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. ... өмгөөлөгч, ... шүүх хуралдаанд ирээгүй нь”  шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж заасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09:30 цагт хийхээр товыг тогтоов.

Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов гэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлээд байгаа билээ.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

2.8 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах

1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
bandaash
2019/10/04 59.153.85.71