Өнөөдөр МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийхээр зар тараасан билээ. Тодруулбал Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдад томилуулахтай холбогдуулан АТГ-аас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахдаа илт хууль зөрчсөн дүгнэлт гаргасныг баримтаар нотолж, олон нийтэд мэдээлэл хүргэнэ. Мөн тус хуралд АТГ-аас төлөөллөө ирүүлэхийг хүссэн байна гэх мэдээлэл цацагдсан. Гэвч хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга, Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамьяан ганцаараа ирсэн бөгөөд хэвлэлийн хурлын үеэр намаа өмөөрч, хоолойн зангирч нулмис дуслуулжээ. Тэрбээр “Сүүлийн үед АТГ-ынхан манай намыг онилох болсон. Мөн улс төрийнхөн ялангуяа Шадар сайдын асуудалд манай намыг хавчиж байгаад хувь хүнийхээ хувьд болон хуульч хүнийхээ хувьд маш их харамсч байна. Энэ асуудлыг ярихаар өөрийн эрхгүй хоолой зангирч байна” хэмээн уйлжээ.