2019 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээллийг хүргэж байна.
Энэ сарын 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
21-нээс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.